Хаягдал ус ариутгах цогцолборын үйл ажиллагааг хэрэгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2015-11-06 20:28:20

Монгол Улсын Дорноговь аймаг Япон Улсын Шизүока муж хоорондын хамтын ажиллагааны 4 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуягаар ахлуулсан албаны болон бизнес эрхлэгч 10 хүнтэй баг 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 4-ний өдрүүдэд тус улсын Шизүока мужид айлчиллаа.

Айлчлалын хүрээнд Япон улсын Шизүока мужийн хаягдал ус цэвэрлэх Сэйэн Жёока төв болон голын урсгал усыг хуримтлуулан хүн амыг ундны усаар хангах Оотагава дам усан боомтын үйл ажиллагаатай тус тус танилцаж туршлага судлав.

Мөн Жайка байгууллагаас Дорноговь аймагт хэрэгжүүлэх хаягдал ус ариутгах цогцолборын үйл ажиллагааг хэрэгжүүлэх төсөлд албан ёсоор талууд гарын үсэг зурах арга хэмжээнд оролцлоо. Тус төсөл нь Жайка байгууллагын “Өвсний үндэс” төслийн санхүүжилтээр буцалтгүй тусламж хэлбэрээр хэрэгжих бөгөөд нийт өртөг нь 500 гаруй сая төгрөг юм.

Мөн Шизүока мужаас үр авчран Дорноговь аймагт ургуулсан гурвалжин будааны ургацын дээжийг тус мужийн лабораторийн шинжилгээнд хүргэн өгч, цаашид их хэмжээгээр ургуулан борлуулалтыг Шизүока муж бүрэн хариуцахаа амаллаа.


Тус айлчлалын үеэр Дорноговь аймгийн Ерөнхий боловсролын 4 багш, 16 сурагч тус мужид аялж, жил бүр уламжлал болон зохион байгуулдаг Дайдогэй олон улсын фестивалд амжилттай оролцож, ардын урлагаа сурталчлав.

Б.Туул

Холбоотой мэдээ