Сүлд чуулгынхан Хaн хэнтийчүүдэд тоглолтоо өргөн барив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-09-11 18:46:39

Хэнтий /МОНЦАМЭ/. Ард түмнийхээ амар амгаланг сахин хамгаалж яваа цагдаагийн албаны авьяас билэгтнүүдээс бүрдсэн “Сүлд” чуулгынхан  уран бүтээлийн дээжээсээ Хан Хэнтийчүүдэд хүргэлээ. 

Хэнтий аймагт хоёр дахь удаагаа бүрэн бүрэлдэхүүнээрээ ирээд буй тус чуулгынхан өчигдөр Цагдаагийн ажилтны байрны гадна талбайд Цагдаагийн бэлтгэл дэд хурандаа Д.Дангаасүрэнд хүндэтгэл үзүүлж тоглолт хийсэн юм. Цагдаагийн байгууллагад 28 жил, улсад 40 жил ажилласан шилдэг тэргүүний хууль сахиулах байгууллагын ахмад ажилтны нэг тэрбээр сэтгэгдэл өндөр байгаагаа илэрхийлж байлаа. Мөн “Сүлд” чуулгынхан тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч ажилтнууд болон хэвтэн эмчлүүлэгсдэд уран бүтээлээсээ зориулан тоглосон нь иргэдийн сэтгэлд ихээхэн хүрчээ.
 
Харин өнөөдөр тэд Хэнтий аймгийн ЗДТГ болон цагдаагийн байгууллагатай хамтран ажилладаг Өгөөмөр бой, Хэрлэн дөрөвдүгээр сургуулийн ахлах ангийнхан, Хэрлэн хорооллын гадна талбайд Цагдаагийн ахлах дэслэгч н.Амаржаргалын гэр бүлд зориулан хүндэтгэлийн тоглолт хийлээ. Мөн оройн 19.00 цагаас Хан Хэнтий чуулгад цагдаагийн алба хаагчид, тэдний гэр бүлийнхэнд зориулан уран бүтээлээ толилуулж, тоглолт 21.00 цагаас Чингисийн талбайд “Үдшийн уянга” цэнгүүнээр үргэлжлэв.

Цагдаа-олон нийтийн хамтын ажиллагааг сайжруулах, цагдаагийн албан хаагчдын стрессийг тайлах, тэдэнд урам зориг өгөх, ахмад ажилтнууд, залуу шилдэг гэр бүлүүдэд урлаг соёлын үйлчилгээ үзүүлж, соён гэгээрүүлэх гол зорилготой аялан тоглолт ийнхүү Хэнтий аймагт амжилттай өрнөлөө.

Д.Одонтунгалаг

 

Холбоотой мэдээ