Наран дээр ням гарагт болсон тэсрэлт дэлхий дээр соронзон шуурга үүсгэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
bars@montsame.mn
2017-09-12 10:57:06
МОСКВА./ТАСС/. Наран дээр ням гарагийн орой болсон хүчтэй тэсрэлт нь дэлхий дээр 9 дүгээр сарын 13-нд шилжих шөнө таван баллын шаталбараар хоёр, гурван баллын хүчтэй соронзон шуургыг үүсгэх ажээ. Энэ тухай Оросын ШУА-ийн физикийн хүрээлэнгийн Нарны рентген судлалын лабораторын цахим хуудсанд мэдээлжээ.

Эрдэмтдийн таамаглаж байгаагаар, Нарны агаар мандлаас цацагдсан их хэмжээний бодисууд Буд, Сугар, Дэлхий, Ангараг гарагуудыг манангаар “хучих” аж. Үндсэн цохилтод эхний хоёр гараг өртөх бол Дэлхий, Ангараг гарагуудыг хальт дайран өнгөрөх юм байна.

Наран дээр 9 дүгээр сарын 4-нөөс эхлэн хэд хэдэн цуврал тэсрэлтүүд болж эхэлжээ. Эхлээд 4-5 баллын хүчтэй “М” ангиллын багавтар таван тэсрэлт болсон бол дараа нь 9 дүгээр сарын 6-нд 2,2 баллын хүчтэй “Х” ангиллын тэсрэлт болсон юм. Мөн тэр өдөртөө онцгой хүчтэй Х9.3 тэсрэлт болсон нь 2005 оны 9 дүгээр сарын 7-нд болсон хүчтэй тэсрэлттэй адилхан байгаа юм. Уг тэсрэлт нь Дэлхий дээр түүхэнд байгаагүй их хүчтэй дөрвөн баллын соронзон шуургыг үүсгэж байжээ.
О.Барс 
Холбоотой мэдээ