“Монгол-Оросын найрамдлын өдрүүд” өндөрлөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2015-11-07 21:37:57

Дархан-Уул аймагт бүтэн сарын турш үргэлжилсэн “Монгол-Оросын найрамдлын өдрүүд”-ийн хаалт аймгийн Залуучууд театрт болов.

Хаалтад аймгийн удирдлагууд болон ОХУ-аас Дархан хотод суугаа Ерөнхий консул А.Ц.Доржиев, дэд консуль С.Н.Чужаев, Монгол-Оросын хамтын нийгэмлэгийн тус аймаг дахь салбарын тэргүүн Ш.Цэцэгмаа, БСГ-ын гадаад хэлний мэргэжилтэн Н.Сэлэнгэ нарын холбогдох албаны хүмүүс оролцлоо.

1921 онд Монгол Улс, Зөвлөлтийн засагт Орос Улсын хооронд найрсаг харилцаа тогтоох тухай хэлэлцээр байгуулж хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойш 94 жил болж байна. Монгол-Оросын найрамдлын сарыг 10 дугаар сарын 05-аас 11 дүгээр сарын 05-ны хооронд жил бүр өргөн тэмдэглэж ирсэнээр энэ жил 55 дахь удаагийн “Монгол-Оросын найрамдлын өдрүүд” нэртэйгээр тэмдэглэж байгаа нь энэ юм. Найрамдлын өдрүүдээр аймгийн Боловсрол, Соёлын газар, тус Ерөнхий консулын газартай хамтарч ЕБС-ийн сурагчдын дунд олон уралдаан тэмцээнийг зохион байгуулсан байна. Энэ үеэр найрамдлын өдрүүдээр зохиосон Орос дуу, шүлгийн уралдаан, “Орос орон орчин үеийнхний нүдээр” гар зургийн уралдаан, Орос хэлний багш нарын “Русский чай”, “Бүсийн Орос хэлний олимпиад” зэрэг уралдаанд амжилттай оролцож өндөр амжилт гаргасан багш, сурагчдад шагнал гардуулав. Дараа нь аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын “Гала тоглолт” боллоо.         

                                           Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ