Цагаандэлгэр сумынхан дулааны төвлөрсөн шугам сүлжээтэй болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-09-15 15:29:54
Дундговь /МОНЦАМЭ/. Албан байгууллагууд, айл өрх нь халаалт дулаан, цэвэр усны нэгдсэн шугам сүлжээнд холбогдох нөхцөл Цагаандэлгэр сумын төвд бүрдэж байна. Ирэх сарын сүүлч гэхэд дулааны эрчим хүчээр хангагдаж эхэлнэ гэж сумын Засаг дарга Д. Буджав хэллээ.

Энэ ажлыг Дундговь аймгийн “Ган- Илч” ХХК өөрийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа бөгөөд сумын ЗДТГ энэ хөрөнгө оруулалтыг урт хугацаанд эргэн төлөх нөхцөлтэйгээр гэрээ хийх юм байна. “Ган- Илч” аймгийн төвийн дулааны эрчим хүч хэрэглэгчдийн 60 гаруй хувийг дулаанаар хангадаг компани. Сүүлийн 3 жилд аймгийн төвөөс гадна Сайхан- Овоо, Өлзийт, Гурвансайхан, Дэлгэрцогт сумын төвийн хэрэглэгчдийг мөн дулааны эрчим хүчээр ханган, үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байгаа юм.

Цагаандэлгэр сумынх шиг хамтын ажиллагааны ийм шийдлээр Говь- Угтаал сум мөн нэгдсэн шугам сүлжээ хийлгэсэн байна. Цаашид “Ган- Илч” ХХК эдгээр сумын шугам сүлжээний ашиглалтыг хариуцан, дулаан эрчим хүчээр ханган ажиллана.

Шугам сүлжээний ажил Цагаандэлгэр сумын төвд ид өрнөж байна. Тус суманд урьд нь ашиглаж байсан уурын зуухны барилга бүтнээрээ бий бөгөөд үүнийг нөөцийн өвс, тэжээл хадгалдаг агуулах болгон ашигладаг болоод байсныг  одоо эргээд  зориулалтаар нь ашиглахаар болсон.  Харин хуучин шугам сүлжээг ашиглах боломжгүй учраас шинээр ийнхүү хийж байгаа юм” гэж сумын Засаг дарга ярилаа. Нэгдсэн шугам сүлжээгээр халаалт дулаан, цэвэр усаа татан авдаг болох нь сүүлийн хэдэн жилд хүн амын шилжилт хөдөлгөөн буурахгүй байгаа тус сумынхны хувьд суманда тохь тухтай аж төрөх суурьшлийг бий болгох үндэс болно гэж үзэж байгаа ажээ.

 Т. Отгонтуяа
 
Холбоотой мэдээ