Х.Роухани: Хэрвээ Д.Трамп Ирантай хийх цөмийн хэлцлээс татгалзсан тохиолдолд АНУ-д “хохиролтой”

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-09-19 10:27:33
ТЕГЕРАН./ТАСС/. Хэрвээ Д.Трампын Засаг захиргааны үйлдэл Ираны цөмийн хөтөлбөрийн хэлцлийг тасалдахад хүргэх юм бол АНУ-д “хохиролтой” гэж Ираны Ерөнхийлөгч Хасан Роухани Америкийн “CNN” телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр мэдэгджээ.

“Хэлцлээс гарсан тохиолдолд АНУ-д их үнэтэй тусна, тиймээс би америкчууд өөртөө ашиггүй юмны төлөө ийм өндөр үнийг төлөхийг хүсэхгүй гэж би бодож байна” хэмээн тэр хэлжээ.

Х.Роуханийн тэмдэглэснээр, хэлцлээ тасалдуулах нь Д.Трампын Засаг захиргаанд ямар ч үр дүн авчрахгүйгээс гадна олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс Вашингтонд итгэх итгэлийг эвдэх ажээ.

“Бидний туршлага бол сайн туршлага, тиймээс түүнийг бусад салбаруудад ч хэрэглэж болно гэж би үзэж байна. Хэрвээ АНУ хэлцлээс гарах юм бол Умард Солонгост АНУ-тай яриа хэлэлцээ хийх гэж цаг заваа хий дэмий үрэх шаардлагагүй болно гэдгийг тооцоорой” гэж Ираны Ерөнхийлөгч тайлбарлажээ.

Иран болон бусад зургаан орон Ираны атомын асуудлыг шийдвэрлэх тухай хэлэлцээрийг 2015 онд байгуулсан ба уг хэлцлийг “Бүхнийг хамарсан хамтын төлөвлөгөө” гэж нэрлэх болжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп сонгуулийн компанит ажлын үеэр болон төрийн тэргүүн болсноосоо хойш энэ баримт бичгийг Иран улсад давуу эрх олгож байна гэж удаа дараа шүүмжилжээ.
О.Барс
Холбоотой мэдээ