Ю.Төгсжаргалын цолны мялаалга наадам боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2017-09-19 23:22:59
Увс /МОНЦАМЭ/. Увс аймгийн Тэс сумын харьяат, “Увсын хурд” морин спорт уяачдын холбооны тэргүүн, Монгол Улсын алдарт уяач Ю.Төгсжаргалын цолны мялаалга наадам түүний төрж өссөн нутаг Тэс суманд энэ сарын 17-18-ны өдрүүдэд болж өнгөрсөн байна. Энэ үеэр хүчит 64 бөхийн барилдаан болж, Улсын харцага Т.Баасанхүү түрүүлэн, аймгийн арслан Ц.Мөнхбаяр үзүүрлэсэн бол өсвөрийн 32 бөхийн барилдаанд Д.Бат-Эрдэнэ түрүүлж хурдан удмын адуугаар шагнуулжээ.
Улсын алдарт уяач цолтны мялаалга наадмаар зургаан насны морьд уралдсан бөгөөд бүх насны морьдын түрүүг мотоциклиор байлсан байна. Азарганд Тэс сумын Н.Цогтоогийн хүрэн, шүдлэнд Тэс сумын Гантогтохын хүрэн, хязааланд Өлгий сумын Дэндэвийн халиун, соёолонд Тэс сумын Доржийн халзан тус тус түрүүлсэн аж.
Түрүү морьдын шагналыг Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан, Тэс сумын харьяат Боожоогийн Норовсамбуу, “Арвижих-Увс” ХХК-ийн захирал Х.Сүхбаатар, Тэс сумын харьяат Түлш эрчим хүчний сайд асан М.Сономпил, Тэс сумын уугуул Нямжавын Нанзан, Монгол Улсын алдарт уяач Ю.Төгсжаргалын ах дүү нар тус тус санхүүжүүлжээ.
Б.Батхүү
Холбоотой мэдээ