19 жилийн дараа их тайзнаа “Ромео Жульетта” жүжгийг амилуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2015-11-09 13:32:10

УДЭТ-ын уран бүтээлчид Уйльям Шекспирийн "Ромео Жульетта" эмгэнэлт драмын жүжгээр үзвэрийн 85 дахь жилийн нээлтээ хийнэ.

1996 онд Ч.Найдандорж найруулагчийн тавьж байснаас хойш 19 жилийн дараа энэхүү бүтээлийг их тайзнаа бүтээн туурвиж, шинэ зууны үзэгч залууст өргөн барьж байна.

Монголын театрын тайзнаа энэхүү жүжгийг анх 1966 онд С.Гэндэнгийн найруулгаар Хүүхэд залуучуудын театрт тавьж, Ромеогийн дүрд жүжигчин У.Готов, Жульеттагийн дүрд жүжигчин Б.Энхтуяа, 1996 онд  УДЭТ-ын тайзнаа Ромеод жүжигчин О.Гэрэлсүх, Жульеттад МУГЖ И.Одончимэг нар тоглож байжээ. Өнөөдөр болсон хэвлэлийн хуралд гурван үеийн Ромео, Жульетта, Меркуцио болон тус жүжгийн дүрүүдэд тоглосон жүжигчид нэгэн тайзнаа цугласан юм.

Энэ удаад тус жүжиг Төрийн соёрхолт Н.Наранбаатарын найруулга, МҮОНТ-ийн кино орчуулагч Х.Мэргэний орчуулгаар үзэгчдэд хүрч байна.

Найруулагч Н.Наранбаатар хэлэхдээ, “Аливаа уран бүтээлийг цоо шинээр бүтээх нь хүндрэлтэй. Анх удаа тавихад ямар нэгэн жиших зүйрлэх зүйлгүй учраас нээрээ л ийм юм болов уу гэсэн ойлголтыг үзэгчдэд өгдөг. Харин хоёр, гурав дахиа үзэгчдийн хүртээл болох гэж байгаа уран бүтээлийг хийхэд их түвэгтэй. 1996 онд энэ жүжгийг үзэж байсан хүмүүс өнөөдөр жүжгийн тавилтуудыг жишиж, харьцуулна. Тиймээс манай баг их хүндрэлтэй ажиллалаа.  Орчин цагт сонгодог уран бүтээлийг ямар хандлагаар, өнцгөөр, үзэмжээр үзэж байна вэ гэдэг нь хамгийн чухал учраас  авангард, пост модерн урсгал чиглэлээр тавьж байна. Залуу уран бүтээлчид бид  хөгжил дэвшил рүү алхмаар, дэлхий рүү ойртмоор, энэ жүжгээ өөрийн гэсэн өнгө төрхтэй болгохын төлөө ажиллаж байна” гэв.

Энэхүү жүжгийн Ромеогийн дүрийг “Аав”, “Учрал”, “Хязгааргүй”, “19” зэрэг кино дэлгэцийн бүтээлээр олны танил болсон залуу жүжигчин Б.Шинэбаяр бүтээх бол Жульеттад жүжигчин О.Дөлгөөн тоглох юм. Харин ерөнхий зураачаар СТА Д.Ариундэлгэр, хөгжмийн зохиолчоор СТА Б.Чинбат ажиллажээ.

Энэ сарын 12-нд УДЭТ-ын гадна талбайд болох нээлтийн үеэр энэхүү жүжгийн нээлтэд зориулан зарласан “Миний хайрын андгай” уралдааны шилдэг 5 хос бие биедээ хайраа илэрхийлэх торгон мөчийг хамтдаа гэрчлэх юм.

Мөн МУЭХ-той хамтран зохион байгуулж буй хайр дурлалын сэдэвт уран зураг, баримлын үзэсгэлэн гарах аж.

Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ