Төсвийн хөрөнгөөр тарьсан модыг тордоогүй сум өөрийн хөрөнгөөр нөхөн тарихаар болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-09-20 13:18:47
 
Дундговь /МОНЦАМЭ/. Энэ жил улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр Дундговь аймгийн ногоон байгууламж 20 га- гаар өргөжөөд байгаа юм. Шинээр тарьсан модны ургалт 80 гаруй хувьтай байна.

Луус, Эрдэнэдалай, Дэлгэрцогт, Сайхан- Овоо, Дэрэн, Гурвансайхан сум болон аймгийн төвийн нийт 20 га талбайд 8 төрлийн мод шинээр тарьсан бөгөөд үүнд улс, орон нутгийн төсвөөс 40 сая төгрөг зарцуулсан юм. Мод тарьснаас хойш 2 удаа модны ургалтыг тодорхойлсон байна. Өнгөрсөн долоо хоногт сүүлийн байдлаар тодорхойлоход Дэлгэрцогт сумаас бусдад нь модны ургалт дундажаар 80 илүү хувьтай байгааг Сум дундын ойн ангийн дарга Ц. Галбадрах хэллээ. Дэлгэрцогт сумын хувьд, нэг га талбайд мод тарьсан. Усалгаа тордолгоо дутагдсанаас дөнгөж 10 хувийн ургалттай байсан тул өөрийн хөрөнгөөр энэ талбайд мод нөхөн тарих үүргийг тус суманд өгсөн гэв.  

20 га- д тарьсан 12 мянга гаруй модны суулгацыг Сум дундын ойн ангийн мод үржүүлгийн талбайгаас нийлүүлсэн байна. Энэ жил Увс аймгаас чацарганын суулгац авч, Сайхан- Овоо сумын 4 га талбайд тарьсан бөгөөд үүнээс бусдад нь 8 төрлийн модны суулгацыг гаднаас авалгүй, Сум дундын ойн анги бэлтгэн нийлүүлжээ.  

Улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр тарьсан модны суулгацаас гадна 6 мянга гаруй суулгацыг иргэн, аж ахуйн нэгж байгууллагын захиалгаар нийлүүлсэн байна. Ингэснээр Сум дундын ойн анги орон нутагтаа тарих модны тарьц, суулгацаар бүрэн хангах боломжтой гэдгийг харуулжээ.

Т. Отгонтуяа
Холбоотой мэдээ