Эвслийн бүлэг Сонгуулийн хуулийн төсөл боловсруулж, өргөн барина

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2015-11-09 14:58:53

УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт чуулганы хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд өөрсдийн баримтлах байр сууриа нэгтгэв.

Ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоолын төслийг өнгөрсөн баасан гарагт УИХ-ын даргад өргөн барьсан. Эвслийн бүлгийн гишүүд өнгөрсөн хавар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа заавал ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэх ёстой гэсэн санал гаргаж байсан. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсэг эвслийн бүлгийн саналыг авч хэлэлцэж, дэмжсэн учраас тогтоолын төслийг өргөн барьсан хэмээн тус бүлгийн дарга Н.Батцэрэг мэдээллийнхээ эхэнд онцлон тэмдэглэв.

Тэрбээр, Ард нийтийн санал асуулгыг манай бүлэг дэмжиж байгаа. Санал асуулгыг 11 дүгээр сарын 26-нд явуулахаар тогтоолын төсөлд тусгасан байна. Энэ бол маш богино хугацаа. Түүнчлэн манай бүлгээс санал асуулгын томъёоллыг улс төрийн намууд зөвшилцөж, шийдвэрлэх ёстой гэж үзэж байна. Энэхүү саналыг байнгын хороод болон чуулганы нэгдсэн хуралдаанд хүргүүлэх болно.

Нэр бүхий гишүүд Сонгуулийн тухай гурван хуулийн төсөл өргөн барьсан. Манай бүлгийн гишүүд дээрх хуулийн төслүүдийг хэлэлцээд тусдаа Сонгуулийн хууль өргөн барих нь зөв гэж үзлээ. Тэгээд эдгээр хуулийн төслүүдийг нэгтгэх ажлын хэсгийг байгуулж, хэлэлцэх нь зөв. Ингэснээр бүх улс төрийн намуудын эрх ашиг бүрэн хангагдана гэж үзсэн” гэлээ.

Түүнчлэн, “Манай бүлгээс Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төслийг өргөн барих болсон. Улс төрийн намууд бизнесийн бүлэглэлийн эрх ашгийг хамгаалдаг, хандив өргөсөн хүмүүсийнхээ өмнөөс лобби хийдэг гэдэг асуудал яригддаг. Мөн улс төрийн намуудын санхүүжилтэд аудитын шалгалт хийдэггүй, Шилэн дансны хууль үйлчилдэггүй. Тиймээс намуудын санхүүжилтийн тодорхой хэсгийг улсын төсвөөс гаргадаг байх хэрэгтэй. Ингэвэл Шилэн дансны тухай хуулийн дагуу бүх гүйлгээ нь ил тод болж, эрүүлжинэ.

Өнөөдрийн хуралдаанд Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаан 2016 оны төсвийн төслийн талаар мэдээлэл хийсэн. Манай бүлгээс цалин, тэтгэвэр, тэтгэмжийг бууруулахгүй байх ёстой гэсэн байр суурьтай байсныг Төсвийн байнгын хороо дэмжсэн байна” гэв.

Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Санал асуулгын асуулт нь ямар байх вэ?

-Ажлын хэсгээс Үндсэн хуулийн үзэл баримтлалыг дэмжинэ, дэмжихгүй гэсэн асуултаар санал асуулга явуулъя гэсэн байна. Гэтэл жирийн иргэд үзэл баримтлалыг тэр бүр ухаж ойлгохгүй. Тиймээс шууд дэмжиж байна, дэмжихгүй байна гээд хэлчих өрөөсгөл юм. Иймээс улс төрийн намын удирдлага зөвшилчөөд үзэл баримтлалаа хүмүүст хүргэх хэрэгтэй.

-Сонгуулийн гурван хуулийн төсөл өргөн баригдсан. Энэ бүхэнтэй танай бүлэг санал хийлэхгүй байна гэсэн үг үү. Яагаад дахин ижил хуулийн төсөл өргөн барих гэж байна вэ?

-Р.Бурмаа, Су.Батболд нарын гишүүдийн өргөн барьсан хуулийн төсөл дээр УИХ-ын сонгуулийг явуулахдаа холимог тогтолцоогоор явуулахаар тусгасан байна. Тэгэхээр улсын хэмжээнд 48 тойрог, 48 мандат байх юм. Энэ нь учир дутагдалтай гэж манай бүлэг үзэж байгаа. Хүн ам нь харилцан адилгүй аймгуудад ижилхэн мандат өгөх нь төлөөлийн тэгш байх зарчим алдагдана. Тиймээс олон мандаттай томсгосон тойрог буюу 26 тойрогт 48 мандатыг хувиарлах ёстой.

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулахын тулд 57 гишүүн гарын үсэг зурсан байх ёстой. Гэтэл МАН-аас нэг ч гишүүн гарын үсэг зураагүй гэж долоо хоногийн өмнө мэдээлсэн?

-Эцсийн байдлаар хэдэн гишүүн гарын үзсэг зурсан талаар мэдэхгүй байна. Гэхдээ 75-аас хувиас дээш гишүүний дэмжлэг авч байж батлагдах ёстой байдаг.

-Намуудын сахүүжилтын тухай хуулийг эвслийн бүлгээс санаачилж өргөн барина гэлээ. Одоогоор санхүүжилт хаана хаанаас орж ирж байгаа вэ? 

-Одоо бол сонгогчдын өгсөн саналыг 1000 төгрөгөөр үнэлж, намуудад олгож байгаа. Энэ нь төдийлөн хүрэлцдэггүй. Тиймээс саналын тоогоор ялгах бус адилхан дэмжлэг үзүүлдэг байя гэсэн саналыг оруулахаар бэлтгэж байна.

- Эрүүл мэнд спортын сайдын суудалд суух эзэн нь тодорхой болсон уу?

-Тийм асуудал өнөөдрийн хурлаар яригдаагүй.

Ч.Ариунболд            

Холбоотой мэдээ