Сүхбаатар аймгийн нийт нутгийн 25 хувь нь бэлчээрийн нөөцтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-09-21 08:02:39
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Ус, цаг уур, орчны шинжилгээний алба /УЦУОША/-аас аймгийн өвөл хаврын бэлчээрийн даацын нөхцөл байдлын талаар танилцууллаа. Тус аймгийн нийт нутгийн 25 хувь нь бэлчээрийн нөөцтэй байгаа бол 27 хувь нь бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн  байна.

Бэлчээрийн даацыг сумдын нутгаар авч үзвэл Баруун-Урт, Халзан, Түвшинширээ сумдаас бусад сумдад бэлчээрийн нөөцтэй байгаа бол, долоон суманд нөөц хүрэлцээтэй, нийт газар нутгийн 29 хувьд даац 1-3 дахин хэтэрсэн, гурван хувьд 3-5 дахин хэтэрсэн, 27 хувьд даац олон дахин хэтэрчээ. Үүнээс харахад нийт нутгийн 25 орчим хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой тул тодорхой тооны мал гаднаас отроор оруулах бэлчээрийн нөөцтэй байгаа аж. Харин 16 хувьд гаднаас отрын мал оруулах боломжгүй болжээ.

“Бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн багууд өөрийн сумын нутагт мал өвөлжүүлэх боломж муу байгаа учир өөр нутагт отор нүүдэл хийх, нэмэгдэл тэжээл бэлтгэх, малын тоог бууруулах зэргээр мал өвөлжилт хаваржилтын ажлыг эртнээс анхааран шуурхай зохицуулах шаардлагатайг зөвлөж байна. Бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн байдлаас харахад сумын төвийн багууд орж байгаа нь талбай хэмжээ бага, тоолуулж байгаа малын нягтшил өндөр гардаг, мөн хүний хүчин зүйлийн нөлөөнд байнга өртөж байдагтай зайлшгүй холбоотой...” хэмээн аймгийн УЦУОҮА-ны дарга Х. Энхбаяр хэлэв.

Нутгийн зарим хэсгээр таана, хөмүүл, хог ургамал болон нэг наст ургамлууд зонхилон ургасан нь өвөл хаврын үндсэн бэлчээр болох хагд, борог өвс багатай байгаа нь хаваржилтанд сөргөөр нөлөөлж болзошгүй гэнэ.
Т. Одончимэг 
Холбоотой мэдээ