Анхны жолоодлогот хөлгийг газардуулах газрыг Ангарагаас хайна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААНВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын сансрын байгууллага /NASA/ анхны жолоодлогот хөлгөө Улаан нүдэн гараг руу 20 жилийн дараа илгээхээр төлөвлөж байгаа боловч уг хөлөг газардахад тохиромжтой газрыг хайх ажил дөнгөж эхэлж байна. Энэ асуудлыг төрийн болон хувийн янз бүрийн салбарын эрдэмтэд, инженерүүд Техас муж улсын Хьюстон хотын Сар болон гараг судлалын хүрээлэнгийн дөрөв хоног үргэлжилсэн хурлын үеэр хэлэлцлээ гэж NASA мэдээлсэн байна.
Жолоодлогот аппаратыг газардахад тохиромжтой газар нь 200 хүртэл хавтгай дөрвөлжин км талбайтай байх ёстой гэж Америкийн сансрын байгууллагын мэргэжилтнүүд хэлжээ. Үүнээс гадна, энэ бүс нь ирээдүйд дэлхийгээс Ангараг руу хийх аялалд оролцох хүмүүсийн ашиглаж болох мөс зэрэг байгалийн ашигтай нөөцтэй байх ёстой байна.
NASA 2030-аад оны дундуур "Локхид-Мартин" компанийн бүтээсэн шинэ хөлөг болох "Орион"-ы тусламжтайгаар Ангараг руу хүн нисгэхээр төлөвлөж байгаа аж. Сансрын уг хөлгийг “Boeing” корпорацийн бүтээсэн Эс-Эл-Эс хүнд зөөгч пуужингийн тусламжтайгаар хөөргөнө. Энэ хөтөлбөрийг тойрог замын автомат аппаратуудыг Улаан нүдэн гараг руу илгээж, дараа нь сансрын энэ аппаратуудын тусламжтайгаар жолоодлогот хөлгийг газардуулахад тохиромжтой газрыг сонгох зэргээр хэд хэдэн үе шаттайгаар хэрэгжүүлэх аж.
Д.Жаргал