Бөөрний өвчний хүнд шатанд орсон өвчтнүүд орон нутагтаа эмчлүүлж байгаа гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-10-02 20:07:24
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймагт бөөрний өвчлөлтэй 270 гаруй иргэн бүртгэлтэй байна. Үүнээс 80 гаруй хүн бөөрний өвчнөөр группд оржээ. Харин хүнд шатандаа орсон 26 иргэн шаардлагатай эмчилгээ, аппаратанд орж эмчлүүлж байгаа ажээ. 
Эдгээр иргэд нь 1000 км-ийн алс орших Улаанбаатар хотод зардал өндөр, хугацаа алдаж эмчлүүлдэг байсан байна. Харин аймгийн Нэгдсэн эмнэлэг гемодиализын аппараттай болсноор эдгээр өвчтнүүддээ шаардлагатай эмчилгээг үзүүлдэг болжээ. Аппараттай болсноор Завханы иргэдэд нутагтаа зардал чирэгдэлгүй эмчилгээ хийлгэх, боломжтой болсон төдийгүй орон нутагтаа бөөрний өвчлөлттэй иргэдийг илрүүлэх, үзлэг оношилгоо эмчилгээг амжилттай хийж байгаа. Аймгийн эмнэлэг бөөрний өвчний эцсийн шатанд орсон өвчтнүүддээ зардал чирэгдэлгүй, хямд зардлаар эмчилгээ хийх боломжтой болсон тухай аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Г.Цогзолмаа ярьлаа.
Дашрамд бөөрний өвчний хүнд шатандаа орсон өвчтнүүд нь насан туршдаа байнгын гемодиализын аппаратанд орох хэрэгтэй байдаг байна. Энэхүү аппаратанд орох өвчтнүүд нь нэг удаа ороход 171000 төгрөгний төлбөртэй ордог бөгөөд энэ зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас төлж байгаа ажээ.
Б.Мягмарсүрэн
Холбоотой мэдээ