ЕХ-ны гишүүнчлэлтэй холбогдуулан Их Британи 4 зорилт гаргажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-11-11 10:07:28

ЛОНДОН. /BBC/. ЕХ-ны Их Британийн гишүүнчлэлийн асуудлыг шинэчлэх явцад тус улсын Ерөнхий сайд Дэвид Камерон дөрвөн зорилтоо тодорхойлсон байна. Тухайлбал, Их Британи руу ирэх хүмүүст олгох тэтгэмжийг хязгаарлах.

ЕХ-нд үлдэх эсэхийг шийдэх олон нийтийн санал асуулгыг 2017 он гарахаас өмнө явуулах хүндхэн шийдвэртэй Их Британи нүүр тулаад байна гэж тэрбээр мэдэгдэв. Гэвч тэрбээр, гишүүнчлэлийн асуудлыг шинэчлэх тухай хэлэлцээг өөрийн талдаа эргүүлж чадна гэдэгт итгэлтэй байсан гэдгээ илэрхийлжээ.

Хэлэлцээ хийх нь төвөгтэй байх болно гэж ЕХ-ноос салах хүсэлтэй хүмүүс үзэж байгаа бол Европын Комисс, Их Британийн тэтгэмжтэй холбоотой санал нь чөлөөт шилжилт хөдөлгөөний тухай хуультай зөрчилдөж байна гэж мэдэгджээ.

Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч Дональд Тускт илгээсэн захидалдаа Камерон, дахин хэлэлцээ хийхэд Их Британи доор дурдсан дөрвөн зорилтыг баримтална гэж бичжээ.

Үүнд: Их Британи болон евро ашигладаггүй бусад орны нэг зах зээлийг хамгаалах, хүнд суртлын дарамт, чирэгдлийг бууруулах зорилт гаргах замаар өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, Их Британийг нягт холбооноос чөлөөлж, үндэсний парламентыг дэмжих, татварын хөнгөлөлт зэрэг хөдөлмөр эрхлэлттэй холбоотой тэтгэмжийг ЕХ-ны цагаачдад олгохыг хязгаарлах гэж бичжээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ