Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Цэвэрлэх байгууламжийн төсөл хэрэгжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2017-10-06 11:04:30
Дархан-Уул /МОНЦАМЭ/.Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах төсөл” -ийн хүрээнд Дархан хотын төв цэвэрлэх байгууламжийг бүрэн шинэчлэх ажлыг АХБ-ны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих гэж байна. 
Энэ хүрээнд төслийн багийнхан, АХБ, аймаг орон нутгийн удирдлага, мэргэжлийн байгууллагууд уулзаж өнөөгийн явц цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний боломжуудын талаар харилцан санал солилцлоо.

Төслийн хүрээнд төв цэвэрлэх байгууламжийг шинэчлээд зогсохгүй бохир усны дамжуулах шугам хоолой, тоног төхөөрөмж, насос станц, дулааны шугам шинээр татах гэсэн 3 бүлэг ажил хийх юм. Бохир усны шугамын засвар, шинэчлэлтийн ажлыг “Бридж констракшн” ХХК 599,0 мянган ам.доллараар, төв цэвэрлэх байгууламж хүртэлх дулааны шугам, насос станцын шинэчлэлтийн ажлыг “Хүрд” ХХК 501,0 мянган ам.доллараар гүйцэтгэнэ.
Ирэх онд бүрэн дуусах уг ажил өнөөдрийн байдлаар батлагдсан графикийн дагуу угсралтын ажлаа хийж байна гэлээ. Уулзалтын үеэр хэмнэсэн хөрөнгө оруулалтыг зөв зүйлд зарцуулах тэр дундаа “Дархан ус суваг” ХК-ийн үйл ажиллагааг өргөжүүлэх саналыг аймгийн Засаг дарга Азийн хөгжлийн банкны удирдлагуудад уламжилсан юм.
Ингэснээр ухаалаг тоолуурыг айл өрх, албан байгууллагад тавих, тусгай зориулалтын авто паркыг шинэчлэх, алслагдсан гэр хорооллын зөөврийн худгийн усан хангамжийг багасган шугам хоолойг шинээр барьж шууд усан хангамжтай болох давуу талтай юм. Мөн энэхүү төслийн үр өгөөжийн хүрээнд биржийн урд талд нүхэн гарц барих зураг төслийг хийх санал уламжлав. Төсөл гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгжүүд ажлаа чанартай хийж гүйцэтгэхийг санууллаа. Дархан хотын "Бохир усны менежментийг сайжруулах төсөл бүрэн хэрэгжиж 2020 он гэхэд Төв цэвэрлэх байгууламжийг барьж дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Ингэснээр бохир ус цэвэрлэгээний чанарын төвшин дээшилж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө арилах олон давуу талтай юм.
Л.Отгонбаатар
Холбоотой мэдээ