Цөм хөтөлбөрийн агуулга, арга зүйг түгээн дэлгэрүүлэх ажил үр дүнгээ өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-10-09 10:21:00
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Өнгөрсөн хичээлийн жилд Сэлэнгэ аймгийн боловсролын салбарт төсөл хөтөлбөрүүд амжилттай хэрэгжсэнээс “Багш, сурагч солилцоо” хөтөлбөрүүд нэлээд үр дүнтэй явагджээ. 
Аймгийн ИТХ-ын тогтоолоор батлуулан хэрэгжүүлсэн эл хөтөлбөр нь бага, дунд боловсролын цөм хөтөлбөрийн агуулга, арга зүйг түгээн дэлгэрүүлэн, туршлага солилцоход ихээхэн үр дүнтэй ажил болсон байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Сэлэнгэ аймгаас дөрвөн багш БНСУ-д гурван сарын хугацаагаар туршлага судлах, Сүхбаатар сумын 2, 4-р сургуулийн багш нар Орхон аймагт, Хөтөл, Цагааннуур сумын багш нар Дархан-Уул аймагт “Багш солилцоо”-нд хамрагдсан байна.
Түүнчлэн ОХУ-ын Буриад Улс, БНСУ-ын Жэжу тусгай муж, ӨМОӨЗО-ны Бугат хотын сурган хүмүүжлийн газар, Жайка, Койка, Энхтайвны корпус зэрэг байгууллагуудтай хамтарч харилцан туршлага солилцон ажиллажээ. Сэлэнгэ аймгийн боловсролын газраас энэ хичээлийн жилд хүүхэд бүрийг хөгжүүлэх, төлөвшүүлэх, сургалтын чанарыг сайжруулах, “Багш солилцоо” хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлд анхааран ажиллахаар төлөвлөгөөндөө тусгасан байна. Мөн хөтөлбөрийн хүрээнд сүүлийн үеийн программ хангамж, техник тоног төхөөрөмж бүхий сургалтын орчинг бүрдүүлэхэд гол анхаарлаа чиглүүлж байгаа ажээ.       
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ