Дүрвэгсдийн асуудлаарх уулзалт тэдний байдлыг дээрдүүлэхгүй

Дэлхийд | Нийгэм
jargal@montsame.mn
2015-11-11 13:17:06

ЛОНДОН. /RIA Novosti/. Бүгд Найрамдах Мальта Улсад болох дүрвэгсдийн асуудлаарх дээд хэмжээний уулзалт хилд хяналт тогтоох тухай өнгөлөн далдалсан тохиролцоонд хүрснээр дуусч, дүрвэгсдийн  байдлыг дээрдүүлэхгүй гэж “Amnesty International” олон улсын байгууллага болгоомжилж байна.

Мальта улсын нийслэл Валлетта хотод 11 дүгээр сарын 11-12-нд төр, засгийн тэргүүн нарын түвшинд хийх уг дээд хэмжээний уулзалтад мөн Африкийн хэд хэдэн орны төлөөлөгчид оролцоно.

“Хэрэв дээд хэмжээний уулзалт цагаачдыг тараан байрлуулах боломжийг нэмэгдүүлэх, мөн хилийн асуудал болон цагаачлалын урсгалыг зохицуулах асуудлаар хүрсэн тохиролцоо бүрт хүний эрхийг хамгаалах тодорхой арга хэмжээ авах тухайд тодорхой тохиролцоонд хүрэлгүй дуусвал хүний эрхийг сахин хамгаална гэж тунхагласан нь хоосон үг болж хувирна” гэж тус байгууллагын уулзалтын өмнө нийтэлсэн мэдээлэлд дурджээ.

Мальтагийн “дээд хэмжээний уулзалт хамтран ажиллах гэрээгээр өнгөлөн далдалсан хилийн хяналтын гэрээ байгуулснаар дуусах бүрэн магадлалтай” гэж “Amnesty International” болгоомжилж байна.

Европын Холбооны хилийн "Фронтекс" агентлагийн хамгийн сүүлийн мэдээллээр, 2015 оны эхний 10 сарын хугацаанд тус холбооны орнуудад 1.2 сая орчим цагаач иржээ. Дэлхийн хоёрдугаар дайнаас хойших цагаачлалын хамгийн том хямрал үүсээд байна гэж Европын Комисс мэдэгдсэн билээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ