Хөвсгөлийн аймгийн Засаг даргад баяр хүргэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-10-13 10:04:54
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболдыг ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал хүлээн авч уулзлаа.
Гамшгаас хамгаалах үйл ажиллагааг орон нутагт хэрэгжүүлэх, гамшгийн үед шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх, түүнийг захиран зарцуулах, төлөвлөх, гамшгийн үед үүрэг гүйцэтгэх дадлага, чадварыг хүн амд эзэмшүүлэх, нутаг дэвсгэрийн хэмжээнд хүн хүч, техник хэрэгслийг дайчлан гаргах зэрэг үүргийг тухайн шатны Засаг дарга хуулиар хүлээсэн байдаг. Хуулиар хүлээсэн энэхүү үүргээ Засаг дарга Л.Ганболдын хувьд амжилттай сайн биелүүлэн ажиллаж байгаа. Өнгөрсөн 04 дүгээр сард тус аймагт зохион байгуулагдсан Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах ажлыг идэвх зүтгэл гарган амжилттай удирдан зохион байгуулж, Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагыг бэхжүүлэх, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх ажилд өөрийн хувь нэмрээ оруулан ажиллаж байгаад Онцгой байдлын албаны нийт бие бүрэлдэхүүний өмнөөс талархал илэрхийлье" гэв.
Засаг дарга Л.Ганболд, “Аливаа аюулт үзэгдэл, осол, байгалийн гамшиг гэдэг хэлж ирдэггүй. Болзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалах хуулиар хүлээсэн үүргээ Онцгой байдлын албаны алба хаагчид маань нэр төртэй гүйцэтгэн ажиллаж байгаа.  Хүнд, хэцүү цагт хамгийн ойр ажилладаг Онцгой байдлын албаны үйл ажиллагааг үргэлж дэмжин тусалж, хамтдаа зүтгэнэ” хэмээн хэллээ.
Энэ үеэр Хатгал тосгонд шинээр байгуулах Гал түймэр унтраах, аврах анги байгуулах бэлтгэл ажлын явц, ангийн барилгын газрын асуудлыг шийдвэрлэх, боловсон хүчнийг сургаж бэлтгэх, улмаар аврагчдын гүнийн шумбалтын сургалтын төв байгуулах зэрэг асуудлаар ярилцлаа. Аялал жуулчлалын бүс нутаг болсон Хатгал тосгонд Гал түймэр унтраах, аврах анги байгуулагдсанаар гамшгаас хамгаалах үйлчилгээг иргэдэд цаг алдалгүй шуурхай хүргэх, болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, орон нутгийн иргэд ажлын байраар хангагдах зэрэг нөхцөл боломж бүрдэх ажээ.
Б.Гантуяа 
Холбоотой мэдээ