Төрийн тэргүүний албан тушаалд дахиад нэг удаа үлдэж ажиллахыг гуйх болно гэжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /ТАСС/. Төрийн тэргүүний албан тушаалд дахин нэг удаа үлдэж ажиллахыг америкчууд Ерөнхийлөгч Дональд Трампаас залбиран гуйх болно гэдэгт итгэлтэй байна гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Сара Сандерс мягмар гарагт радиогийн консерватив үзэлт хөтлөгч Хью Хьюиттад ярилцлага өгөхдөө тэмдэглэжээ.
ТАСС агентлагийн мэдээлснээр, “Дональд Трамп ерөнхийлөгчийн албыг хашиж эхэлснээс хойш есөн сарыг итгэмээргүй үр бүтээлтэй өнгөрөөсөн. Дараагийн жилүүдэд энэ мэтчилэн амжилттай ажиллаж, тэр дундаа татварын шинэтгэл хийх нь ихэнх америкчуудад маш чухал ач холбогдолтой байх юм. Иймд Америкийн ард иргэд ерөнхийлөгчийн албанд дахин 4 жил зүтгэхийг Трампаас наминчлан гуйх болно” гэж үзэж байгаагаа Сандерс илэрхийлсэн байна.
Ерөнхийлөгчийн дараагийн сонгуульд Бүгд Найрамдах намаас дахин нэр дэвших нь одоогийн төрийн тэргүүний хувьд ямар ч бэрхшээлгүй байх болно гэж Цагаан ордны хэвлэлийн албаны нарийн бичгийн дарга үзэж байгаа бол 2020 оны сонгуульд Дональд Трамп итгэл төгс ялалт байгуулж чадна хэмээн Цагаан ордны ерөнхий стратегич байсан Стивен Бэннон бямба гарагт мэдэгджээ.
Трамп өөрөө ч дахин сонгогдож, төрийн тэргүүний албанд найман жил зүтгэх тухай нэг бус удаа хэлж байсан юм.
Э. Аянзаяа