Улсын арслан П.Бүрэнтөгс түрүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2015-11-13 10:00:10

Их эзэн Чингис хааны мэндэлсний 853 жилийн ой, Монгол бахархалын өдөрт зориулсан 128 бөхийн барилдаанд Монгол Улсын арслан П.Бүрэнтөгс түрүүлж, улсын начин Л.Цэрэнтогтох үзүүрлэв.

Арслан П.Бүрэнтөгсийн хувьд намрын нээлтээс хойших 7 барилдаанд зодоглож, зургаад түрүү булаалдан 3 түрүүлж, 3 үзүүрлэсэн байна. Л.Цэрэнтогтох начны хувьд бяртай, бэлтгэл сайн байгаагаа харуулж их шөвөгт Б.Батмөнх зааныг шуудагнаас бяралхаж түрсээр давсан юм.

Хөвсгөлийн аймгийн арслан Ч.Хөхчирэнгэр энэ өдөр тун сайн байв. Тэрбээр хоёрын даваанд шинэ начин Ч.Ганзоригийг, гуравт шинэ начин Э.Дашийг, дөрөвт заан М.Өсөхбаярыг, тавд арслан Н.Батсуурийг өвдөг шороодуулж их шөвөгт шалгарч түрүү бөхөд унасан юм.

Монголчууд бид 2012 оноос эхлэн "Монгол бахархалын өдөр"-өө тэмдэглэх болсон бөгөөд анхны Монгол бахархалын өдрийн барилдаанд заан Ч.Санжаадамба түрүүлж, харцага Ц.Содномдорж үзүүрлэн, их шөвөгт улсын арслан П.Бүрэнтөгс, улсын аварга Г.Эрхэмбаяр нар шалгарч байв.

Д.Өлзий

Холбоотой мэдээ