Агаарын бохирдлын тоо бүртгэлийг хоёр ангиллаар явуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-10-26 12:31:54
Ховд /МОНЦАМЭ/ Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 181 дүгээр тушаал гарч “Агаарын бохирдлын эх үүсвэрийн улсын нэгдсэн тоо бүртгэл явуулах тухай” журам батлагдсантай холбогдуулан аймгийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгууллаа.
Ажлын хэсгийн ахлагчаар аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, нарийн бичгийн даргаар Ус, цаг уур орчны шинжилгээний газрын дарга А.Энхзаяа, гишүүдэд холбогдох бусад байгууллагын дарга нар болон зохих мэргэжилтнүүд багтжээ.
Агаарын бохирдлын эх үүсвэрийн улсын нэгдсэн тоо бүртгэлийг Агаарын бохирдлын суурин болон хөдөлгөөнт эх үүсвэр гэсэн хоёр ангиллаар явуулах юм.
Агаарын бохирдлын суурин эх үүсвэрт ердийн галлагаатай 10кВт хүчин чадалтай зуух /ахуйн хэрэглээнд ашиглаж байгаа уламжлалт болон сайжруулсан зуух, пийшин, усан халаалтын зуух, мөн жижиг үйлдвэрлэл, үйлчилгээ харуул хамгаалалтын байранд ашиглаж байгаа зуух/, усан халаалтын 11-100 кВт хүчин чадалтай зуух /ахуйн хэрэглээнд ашиглаж байгаа уурын болон усан халаалтын, технологийн зориулалттай уур үйлдвэрлэдэг, төвлөрсөн болон нэгдсэн дулаан хангамжийн усан халаалтын, барилгын болон томоохон үйлдвэрлэл үйлчилгээнд ашиглагдаж байгаа, мөн дулааны цахилгаан станцын 101 кВт –аас дээш хүчин чадалтай зуух/ хамрагдана.
Агаарын бохирдлын хөдөлгөөнт эх үүсвэрт дизель түлш болон шатахуунаар ажилладаг бүх төрлийн авто тээврийн хэрэгсэл, өөрөө явагч болон зөөврийн хөдөлгөөнт хэрэгслийг хамруулах зэргээр тоо бүртгэлийг явуулах юм.
Ус цаг уур орчны газар энэ 10 сарын агарын чанарын мэдээгээр Ховд хотын агаарт түгээмэл бохирдуулах бодис хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, тоосонцор /PM10/, нүүрстөрөгчийн дутуу ислийн /CO/ агууламжийг тодорхойллоо.
Өнгөрсөн 7 хоногийн агаарын чанарын хяналт шинжилгээний дүнгээр хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, нүүрстөрөгчийн дутуу ислийн /CO/, тоосонцорын дундаж агууламж /PM10/ нь хүлцэх хэм хэмжээнээс даваагүй байна:.
                                                                                                                                                      А.Бямбасүрэн
 
Холбоотой мэдээ