АНУ-д хэт таргалалтын түвшин өсөж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
aminaa@montsame.mn
2015-11-13 13:25:06

ЛОНДОН. /BBC/. Эрүүл амьдралын хэв маягийг сурталчлах хүчин чармайлтаас үл хамааран, АНУ-ын насанд хүрэгчдийн дунд хэт таргалалтын түвшин өсөж байна.

АНУ-д хэт таргалалт 1984 оноос хойш өсөж, 2004 оноос буурч эхлээд байсан байна. Арав орчим жилийн өмнө 32 хувь байсан уг үзүүлэлт 2013-2014 онд 38 хувь болсныг хамгийн сүүлийн үеийн судалгаагаар тогтоолоо. АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвүүд 5000 хүнийг хамарсан, үндэсний судалгаа явуулж уг үзүүлэлтийг гаргаж ирсэн байна.

АНУ-д хэт таргалалтыг бууруулах зорилготой олон үндэсний аян зохиосон бөгөөд, тухайлбал, залуусын дунд дасгал хөдөлгөөн, эрүүл хооллолтыг сурталчлах “Хөдөлгөөн хийцгээе” аяныг тэргүүн хатагтай  Мишель Обама  санаачилжээ. 

Эдгээр аяны үр нөлөө багасаж буйгаас хэт таргалалт эргэн нэмэгдэж байна гэж Америкийн их сургуулийн багш, хүнсний мэргэжилтэн Стейси Снеллинг үзэж байна.

"Хэт таргалах өвчинтэй тэмцэх анхны алхмаа сахар ихтэй ундаа, шарсан хоолыг хязгаарласнаар хийсэн. Хийжүүлсэн ундааны хэрэглээ багасч, түргэн хоолны сүлжээнүүд илүү эрүүл цэсээр үйлчилдэг болсон ч ийм төрлийн олон нийтийн эрүүл мэндийн асуудал их төвөгтэй” гэж  Снеллинг хэлсэн байна.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ