Шинэ цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулахад 200 сая төгрөг шаардлагатай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-10-31 23:33:55
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймгийн Тэлмэн сумын хүүхдийн цэцэрлэгийн шинэ барилгыг бүрэн дүүрэн ашиглалтад өгөхөд 200 сая төгрөг шаардлагатай байгааг албаныхан дуулгалаа. Учир нь 1964 онд баригдсан  хуучин барилгад 2005 оноос хойш ажиллаж байгаа 50 хүүхдийн багтаамжтай  тус цэцэрлэгт 120 гаруй хүүхэд хүмүүжиж байна. 
Энэ нөхцөл байдлыг харгалзан Япон улсын Засгийн газрын 711  сая төгрөгийн буцалтгүй тусламжаар 150 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилгыг энэ оны 07-р сарын 15-аас эхлүүлсэн нь өнөөдрийн байдлаар 90 орчим хувийн гүйцэтгэлтэй байна. Гэвч гүйцэтгэгч компани болох “Кэнжикү” ХХК тус сумыг нэгдсэн халаалт, шугам сүлжээтэй "Жишиг сум" болно гэж тооцоолон хийсэн анхны зураг төслийн дагуу ажлаа гүйцэтгэсэн учраас халаалт, цэвэр ус, худаг, гадна инженерийн шугам сүлжээ зэрэг ажлыг хийхэд нэмж 200 сая төгрөг шаардлагатай байгаа юм байна. Хэрвээ дээрх хөрөнгийн асуудал богино хугацаанд шийдэгдвэл тус сумын хүүхдүүд энэ өвөл тохьтой дулаан орчинд суралцах боломж бүрдэх аж. “Кэнжикү” ХХК хүйтрэхээс өмнө бохирын цооног, дотор инженерийн шугам сүлжээ, заслын ажлуудыг дуусгажээ. Үлдсэн хөрөнгийн асуудал шийдэгдвэл 11 сарын 15 гэхэд улсын комисст хүлээлгэж өгөх боломжтой гэдгийг хэллээ.
Шинэ цэцэрлэгийн барилга ашиглалтад орсноор зургаан бүлэг хичээллэж сумын сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 100 хувьд хүрэх юм байна.
Б.Мягмарсүрэн
Холбоотой мэдээ