Завханы Засаг даргын зөвлөлийн ээлжит хурал үр дүнтэй болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-10-31 23:59:44
Завхан/МОНЦАМЭ/ Завхан аймгийн Засаг даргын зөвлөл хуралдаж 14 асуудал хэлэлцлээ. Эхлээд Отгонтэнгэрийн рашаан сувиллын менежментийн гэрээний хувьчлалын хэрэгжилтийг дүгнэх ажлын хэсгийн тайланг хэлэлцэж Засаг даргын зөвлөлийн гишүүдийн 100 хувийн саналаар хангалтгүй гэж үзэн, саналыг аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанд оруулахаар боллоо. 
Мөн эрүүл мэндийн салбарт хэрэгжих “Халдварт өвчнөөс сэргийлэх хянах” дэд хөтөлбөр, “Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах” дэд хөтөлбөр, “Элэг бүтэн Завхан” дэд хөтөлбөрүүдийг хэлэлцэж аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанд оруулах шийдвэрийг гаргалаа. Харин “Сайн оюутан” хөтөлбөрийг дахин боловсруулах үүргийг өгч, “Сайн бизнесмэн” хөтөлбөрт бизнес эрхлэгчдийн саналыг авч тусгахаар боллоо. Мөн “Оюунлаг Завханчууд” хөтөлбөр, “Авлигын эсрэг-Авлигаас ангид аймаг” дэд хөтөлбөр, Эрх зүйн боловсрол-Эрс өөрчлөлт” дэд хөтөлбөр, Шилэн дансны ил тод байдлын хэрэгжилтэнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн ажлын явц, ”Сайн бизнесмэн” хөтөлбөр, Аймгийн Засаг даргын Тамгын газрын 2017 оны хөтлөгдөх хөтлөх хэргийн нэрийн жагсаалтанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн ажлын явцыг тус тус хэлэлцэж үүрэг чиглэл, зөвлөмж өглөө.
Засаг даргатай байгуулсан зарим байгууллагын гэрээний
хэрэгжилт үр дүнгүй байна гэв
Завхан аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар өмнө нь салбарын сайд, хэлтэс агентлагийн дарга, сумын Засаг дарга нартай байгуулсан гэрээний биелэлтийг хэлэлцдэггүй байсан бөгөөд анх удаа хэлэлцсэн нь энэ удаагийн хурлын онцлог ажил болов.
 2017 онд Завхан аймгийн Засаг дарга 15 сайд, газрын даргатай гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд гэрээний хэрэгжилт аймгийн дунджаар 81.6 хувьтай байна. Аймгийн эдийн засаг,  нийгмийг хөгжүүлэх 2017 оны үндсэн чиглэлийн хэрэгжилт эхний 9 сарын байдлаар 78,7 хувьтай үнэлэгджээ. Харин аймгийн Засаг дарга, сумдын Засаг даргатай байгуулсан гэрээний хэрэгжилт 57,8 хувьтай байна. Сонгино, Асгат, Эрдэнэхайрхан, Завханмандал, Тэлмэн сум аймгийн Засаг даргын өмнө хүлээсэн үүргээ сайн биелүүлж гэрээний хэрэгжилт өндөр хувьтай байгаа бол Дөрвөлжин, Яруу, Цэцэн-Уул сумын гэрээний хэрэгжилтийг эрчимжүүлэх шаардлагатай гэж дүгнэж 11-р сард дахин аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар оруулахаар боллоо. Мөн аймгийн Засаг даргын хэлтэс, агентлагийн дарга нартай байгуулсан гэрээний биелэлт эхний 9 сарын байдлаар аймгийн хэмжээнд 52,9 хувь буюу хэрэгжих шатандаа байгаа учраас хяналт-шинжилгээ, үнэлгээний мөрөөр зөвлөмж чиглэл, үүрэг даалгавар хүргүүлж, гүйцэтгэлд хяналт тавих шаардлагатай байгааг энэ үеэр хэлэв. Түүнчлэн аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газар, Шүүхийн шинжилгээний алба, Улсын бүртгэлийн хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар зэрэг байгууллагуудын үр дүнгийн гэрээний хэрэгжилт сайн байгаа бол Биеийн тамир спортын газар, Статистикийн хэлтэс, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс, Авто тээврийн төв биелэлтээ ирүүлээгүй, харин ХЖТеатр, аймгийн Музей, Боловсрол соёл урлагийн газар, Эрүүл мэндийн газар зэрэг байгууллагуудын аймгийн Засаг даргатай хийсэн үр дүнгийн гэрээний хэрэгжилтийг эрчимжүүлэх шаардлагатай гэж дүгнэжээ.
Шуурхайд хангалтгүй оролцсон байгууллагуудын гэрээний хэрэгжилт муу байна гэв
Завхан аймаг 2017 оноос эхлэн долоо хоног бүрийн эхний өдрийн өглө байгууллагын дарга эрхлэгч нарын дунд мэдээлэл солилцох шуурхай хурлыг хийж эхэлсэн юм.
Тэгвэл төрийн байгууллагын ажлын уялдаа холбоог хангах зорилтын хэрэгжилтийг хангуулах шалгуур үзүүлэлтийн нэг болох байгууллагын дарга нарын шуурхай хуралдаан өнөөдрийн байдлаар нийт 35 удаа хуралджээ. Энэхүү хурлыг байгууллага бүр дээр тусгай хуваарийн дагуу хийж хэвшиж байгууллагын дарга эрхлэгч нарын оролцоог үнэлж дүгнэсэн байна. Ингэхэд аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар  30 удаа хуралдаа суусан буюу 85 хувийн ирцтэй байгаа бол Авто тээврийн үндэсний төвийн Завхан аймаг дахь салбар таван удаа хуралд сууж 14.3 хувийн ирцтэй байна. Өөрөөр хэлбэл албан байгууллагын дарга, эрхлэгч нарын шуурхай хуралд идэвхтэй сайн оролцдог байгууллагууд мэдээллээ цаг тухайд нь авч хэрэгжүүлж байгаа бол хуралд суудаггүй байгууллагуудын гэрээний хэрэгжилт хангалтгүй байгаа нь илт харагдаж байгааг аймгийн Засаг даргын зөвлөл анхааруулж мэдээлэв.
Б.Мягмарсүрэн
Холбоотой мэдээ