Хүний биед суулгадаг шинэ төхөөрөмж бий болно гэж үзэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2017-11-01 16:04:15
НЬЮ-ЙОРК. /ТАСС/. Хүний биед шууд суулгах зориулалттай төхөөрөмж зохион бүтээх нь технологийн хөгжлийн нэгэн шинэ үе болж, бизнес эрхлэгчдийн сонирхлыг татах боломжтой юм гэж үзэж буйгаа шинэ санаачлагын чиглэлээр мэргэшсэн америкийн зохион бүтээгч, бизнес эрхлэгч Женнифер Форстад өнгөрсөн баасан гарагт Нью-Йорк хотод болсон “Synergy Global Forum” хэмээх бизнесийн чуулга уулзалтад оролцохдоо хэлсэн байна.
 
“Сүүлийн үед шинэ бүтээлүүд хурдацтай гарсаар байгаа бөгөөд технологийн хөгжлийн дараагийн үе шатуудын нэг бол хүний биед жижиг хэмжээний төхөөрөмж суулгах явдал юм. Хурдацтай хөгжин буй технологийн дэвшил нь хүмүүст айдас, түгшүүрийг бий болгодог нь үнэн. Хүний бие, тархи, толгойд төхөөрөмж суулгах санаа нь зарим хүнийг айдаст автуулдаг. Гэсэн ч иймэрхүү төхөөрөмжийг хүний биед суулгаснаар ажлыг илүү үр дүнтэй гүйцэтгэхэд тус болох юм” гэж Форстад хэлжээ.   

Үүний зэрэгцээ тэрээр энэ чиглэлээрээ үйл ажиллагаа явуулах зорилгоор “Neuralink” компанийг байгуулахад нь америкийн бизнес эрхлэгч Илон Маск дэмжлэг үзүүлжээ. Хүний тархинаас мэдээлэл уншиж, түүнийг тоон мэдээлэл хадгалагчид бичих болон эсрэг үйлдэл хийх боломжтой технологийг хөгжүүлэхийг зорих нь тус компаний үйл ажиллагааны гол чиглэл болж байгаа бөгөөд хүний тархинд шууд холбогдсон жижиг цахилгаан дамжуулагчийн тусламжтайгаар үүнийг хийх боломжтой гэж Форстад үзэж байна.  Алсдаа энэ аргыг ашиглан татаж унадаг өвчин, саажилт зэрэг өвчнийг эмчлэх, мөн хүний оюун ухааныг тэлж, сэтгэн бодох чадварыг хурдасгах боломжтой гэж тэрээр тэмдэглэжээ.
Э. Аянзаяа
Холбоотой мэдээ