Ерөнхийлөгчийн хоригийг чуулганы хуралдаанаар хэлэлцэж эхлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-11-02 12:10:36
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы пүрэв гарагийн хуралдаан эхэллээ.
Хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд Засгийн газрын гишүүдийг томилсон шийдвэрт тавьсан Ерөнхийлөгчийн хориг, мөн ирэх оны төсвийг хэлэлцэхээр товлосон болохыг танилцуулав. Үүний дараа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Ерөнхийлөгчийн тавьсан хэсэгчилсэн хоригийг бүрэн эхээр нь уншиж танилцуулсан юм.

Тус хоригт, "Монгол Улс дэд бүтэц, уул уурхайн салбар дахь ашиг сонирхол, авлигаар холбогдсон 30 гэр бүлийн хяналт дарангуйлалд бүрэн автаж, аливаа төсөл, хөтөлбөр тэдэнд ашиггүй бол гацдаг, гацаадаг бөгөөд Монголчуудын хүртэх ёстой ашгийг зөвхөн тэд л хүртдэг хэн бүхэнд ил болсон тогтолцоотой болоод удаж байна.

Иймд эдгээр гучин гэр бүлийн төлөөлөл болсон Ч.Хүрэлбаатарыг Засгийн газрын гишүүн-Сангийн сайдаар томилсон Улсын Их Хурлын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 58 дугаар тогтоолын 1 дүгээр заалтын 6 дахь дэд заалтад Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн хэсэгчлэн хориг тавьж байна.

Шинээр бүрэлдсэн Засгийн газар Монгол Улсын орших, хөгжихийн үндэс болдог эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарч эмч, багш нарынхаа цалинг нэмэх, улмаар нийт төрийн албан хаагчдын цалинг зохих хэмжээгээр нэмэгдүүлэхийн төлөө хичээн ажиллах ёстой. Харамсалтай нь Ч.Хүрэлбаатар Сангийн сайдаар томилогдсон даруйдаа төрийн албан хаагчдад гурван зуун мянган төгрөгийн нэг удаагийн тэтгэмж олгох байдлаар тавин таван тэрбум төгрөг тараах санал гаргаж байна.

Улс орны эдийн засаг хүнд байгаа энэ үед төсвийн хөрөнгийг үр ашиггүй тарааж улсынхаа эдийн засгийг улам бүр хүндрүүлдэг, хохироодог Сангийн сайдтай байж болохгүй. Өнөөдөр төрийн албан хаагчид нэг удаагийн тэтгэмж хүсээгүй, сар бүр авдаг цалин орлогоо нэмэгдүүлэхийг хүсэж байгаа юм" гэжээ.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Б.Туул


Холбоотой мэдээ