Монгол хэлний үндэсний бодлогын зөвлөлийнхөн Архангайд ажиллав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-11-07 15:36:55
Архангай /МОНЦАМЭ/. Монгол хэлний үндэсний бодлогын зөвлөлийн ажлын хэсгийн гишүүн, доктор Л.Жумдаан Архангай аймагт ажиллалаа. Энэ хугацаандаа Монгол хэлний тухай хуулийн агуулга, хэрэгжилт, Монгол үсгийн дүрмийн журамласан толийн тухай болон бийрийн бичлэгийн сургалтуудыг явууллаа. Сургалтад аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын мэргэжилтнүүд болон сургуулиудын монгол хэл бичгийн 40 гаруй багш хамрагдав.

Сургалтын үеэр Монгол үсгийн журамласан тольд оруулах үгийн талаар болон шинээр боловсруулж байгаа Монгол бичгийн дунд болон урт хугацааны үндэсний хөтөлбөрт оруулах саналуудыг нэгтгэн авсан байна.

Монгол хэлний үндэсний бодлогын зөвлөлийн ажлын хэсгийн гишүүн доктор Л.Жумдаан Архангай аймаг дахь Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн төлөөлөлтэй уулзаж, санал солилцсон юм. Дараа нь Эрдэнэбулган сум дахь албан байгууллагуудын хаягжилтын байдалтай танилцаж, судалгаа хийжээ.

Монгол хэлний үндэсний бодлогын зөвлөл нь Ерөнхийлөгчийн зарлигаар байгуулагддаг бөгөөд Монгол хэл, бичиг, үсгийг хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэхтэй холбоотой бодлого боловсруулж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх, Монгол хэлний тухай хуулинд заасан эрх бүхий судалгааны байгууллагаас боловсруулсан гадаад нэр томъёоны орчуулга, монгол хэлний үгийн санд оруулах, шинэ нэр томъёог хэлэлцэн батлах, газар нутаг, гудамж, зам талбайд гадаад нэр оноох эсэх асуудлаар санал, дүгнэлт гаргаж нутгийн өөрөө удирдах байгууллагад илгээх зэрэг 12 төрлийн чиг үүргийг гүйцэтгэдэг байна.  

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ