Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Говь-Алтай аймагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2017-11-07 17:07:40
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймагт Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг энэ сарын гуравны өдрөөс эхлэн ажиллаж байна.
Тус аймгийн  тухайд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэд ажиллах Авлигаас урьдчилан сэргийлэх “Олон нийтийн дэд зөвлөл”-ийн гишүүдтэй гэрээ байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлэх, орон нутгийн төрийн байгууллагуудын Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг газар дээр нь шалган туслах, авлигын нөхцөл байдлыг тодорхойлж байгаа юм байна.
Түүнчлэн холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, заавар, үйл ажиллагаа, баримт, материал, хүний нөөцийн бодлогын хэрэгжилт, албан тушаалын томилгоо, төрийн үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдал, тухайн байгууллагад ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийн тоо, тэдгээрийн агуулга, шийдвэрлэлт, төсөв, санхүү, худалдан авах ажиллагаа, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явц байдал, Авлигатай тэмцэх газраас хүргүүлсэн албан бичиг, мөрдөн байцаагчийн мэдэгдэл, зөвлөмжийн дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээтэй танилцаж судлан, санал дүгнэлт боловсруулах ажээ.
Тэд мөн Дэлгэр, Есөнбулаг, Шарга, Баян-Уул, Жаргалан сумдад ажиллах гэнэ.
                                                                                                                        Ш.Цоодол
Холбоотой мэдээ