Зимбабве улсын ерөнхийлөгч албан тушаалаасаа огцрохыг зөвшөөрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2017-11-20 12:42:53

 

 
МОСКВА. /ТАСС/. Зимбабве улсын төрийн тэргүүний албан тушаалыг 37 жилийн турш хашсан Ерөнхийлөгч Роберт Мугабе албан тушаалаасаа огцрохыг зөвшөөрчээ гэж тус улсын төрийн тэргүүний тамгын газрын эх сурвалжаас иш татан “France-Presse” агентлаг мэдээлсэн тухай ТАСС агентлаг уламжлав.
 
Ройтерс агентлагийн мэдээлснээр,  “Зимбабвегийн Африкийн үндэсний холбоо – Эх оронч фронт” /ZANU-PF/ эрх баригч нам Роберт Мугабе-д хандан орон нутгийн цагаар өнөөдөр 12.00 цагаас өмнө ерөнхийлөгчийн албан тушаалаасаа буухыг уриалсан байна. 

Хэрвээ Р.Мугабе огцрохгүй бол түүнд итгэл үл үзүүлэх асуудал үүсгэх аж. Харин огцорсон тохиолдолд “Зимбабвегийн Африкийн үндэсний холбоо – Эх оронч фронт” намын дарга Эммерсон Мнангагваг ерөнхийлөгчийн албан тушаалд дэвшүүлэх юм байна. Түүнээс гадна Зимбабвегийн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар төлөвлөж байна. 
 
Э. Аянзаяа 
 
Холбоотой мэдээ