Орос хэл-соёлын бүсийн арга хэмжээ боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2015-11-17 11:54:46

Оросын Соёл шинжлэх ухааны төв, Монголын найрамдлын нийгэмлэгүүдийн холбооноос зохион байгуулдаг “Орос хэл-соёлын бүсийн арга хэмжээ” Баянхонгор хотноо боллоо.

Мөн үеэр ОХУ-ын ЭСЯ-наас аймгийн Боловсрол Соёлын газарт 500 гаруй долларын үнэ бүхий үзүүлэн, ном сурах бичиг хандивласан байна.

Тус арга хэмжээнд  Оросын Холбооны Улсын Элчин сайдын яамны зөвлөх, РЦНК –ийн захирал Михайлов.Е.Г, Монголын найрамдлын нийгэмлэгүүдийн холбооны дэд тэргүүн, Монгол Улсын Гавьяат багш н.Цогзолмаа тэргүүтэй төлөөлөгчид болон Архангай, Өвөрхангай, Завхан, Говь-Алтай аймгаас  оролцсон байна.  Орос хэлний бүсийн арга хэмжээний үеэр орос дуу шүлгийн уралдаан, урлагийн тоглолт, Оросын холбооны улсад сургууль төгсөгчид, орос хэлний багш нарын уулзалт үдэшлэг тус тус болжээ.

Олимпиадад Архангай, Өвөрхангай, Завхан  аймгийн багш сурагчид амжилттай оролцож тэргүүлсэн бөгөөд “Номундалай” сургуулийн багш З. Ичинхорлоо багш нарын олимпиадад 2-р байр эзэлж, ОХУ-ын Москва хотод 1 сар орос хэлний сургалтад суух эрхийн бичгээр шагнуулсан байна. Харин орос дуу, шүлгийн уралдаанд оролцсон сурагчдаас “Номундалай” сургуулийн сурагчид орос дууны уралдааны тэргүүн болон дэд байрыг, “Номгон” сургуулийн сурагчдын хоршил удаах байрыг, шүлгийн уралдаанд “Номундалай” сургуулийн сурагчид мөн тэргүүн, дэд байруудыг эзэлж, “Эрдэнэмандал” сургуулийн сурагч удаалжээ.

Бүсийн арга хэмжээ нь сурагчдын орос хэл сурах идэвх, сонирхлыг өрнүүлсэн арга хэмжээ болсноос гадна орос хэлний багш нарын хувьд орос хэл, соёлыг түгээн дэлгэрүүлэхэд хүчин чармайлт гаргаж ажиллах, мэдлэг боловсролоо дээшлүүлж ажиллахын чухлыг харуулсан үйл ажиллагаа болсныг албаныхан хэлэв.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ