Монголын тамирчид ой тогтоолтын дэлхийн аварга болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Индонези улсын нийслэл Жакарта хотод энэ сарын 1-3-нд болсон Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах оюуны спортын тэмцээнд манай тамирчид 21 алт, 21 мөнгө, 15 хүрэл медаль буюу тэмцээний нийт 90 медалиас 57 медаль хүртэн багийн дүнгээр 22531 оноо цуглуулан үнэмлэхүй ялалт байгууллаа.
Тус тэмцээнд өндөр чансаатай 21 орны 130 гаруй тамирчин харааны болон сонсголыг сорьсон ой тогтоолтын 10 төрлөөр бага, өсвөр, насанд хүрэгчдийн ангилалд 3 өдрийн турш өрсөлдөв. Манай улсыг төлөөлж Монголын Оюун Ухааны Академийн 20 тамирчин багш, дасгалжуулагчийн хамт амжилттай оролцлоо.
Насанд хүрэгчдийн ангилалд "Олон багц хөзөр" төрөлд ОУ-ын Их мастер Н.Мөнхшүр, "Нэр-зүс царай" болон “Зураг” төрөлд ОУ-ын Их Мастер В.Янжаа, өсвөр насанд "Түүхэн үйл явдал", "Хурдны хөзөр", “Хоёртын тоолол” болон “Олон багц хөзөр” төрлүүдэд ОУ-ын Мастер Э.Лхагвадулам нар дэлхийн 7 дээд амжилтыг шинэчлэн тогтоов. Олон улсын Их мастерын болзлыг Б.Намуун, С.Марал, Н.Намуундарь Д.Сайханбилэг, Б.Ариунбилэг, М.Уянга нар хангаж цол хүртсэн бол Н.Мөнхшүр, Н.Энхшүр, В.Янжаа нар ОУ-ын Их мастерын зэргээ ахиулжээ.
Тэмцээний нийлбэр дүнгээр АНУ-ын тамирчин, Дэлхийн чансааны нэг, ОУ-ын Их мастер, Америкийн тамирчин Alex Mullen 9055 оноогоор Дэлхийн аварга болж дэд байранд ОУ-ын Их мастер Н.Мөнхшүр 7880 оноо, гутгаар байранд ОУ-ын Их мастер В.Янжаа 7425 оноогоор тус тус шалгарлаа.
Өсвөр насанд нийлбэр дүнгээр ОУ-ын Их мастер Э.Лхагвадулам 6959 оноогоор тэргүүлсэн бол дэд байранд ОУ-ын Их мастер М.Уянга 5552 оноо, гутгаар байранд ОУ-ын Их мастер Б.Намуун 5302 оноогоор удаах байрыг эзлэв.
Бага насанд нийлбэр дүнгээр ОУ-ын Их мастер Б.Ариунбилэг 4176 оноогоор Дэлхийн аварга болсон бол дэд байранд Ш.Наранбат 3846 оноо, гутгаар байранд Т.Үжин 3327 оноогоор удаах байрт шалгарав.
Мөн ОУ-ын Их мастер, Өсвөрийн Дэлхийн аварга, Азийн аварга Н.Мөнхшүр "Азийн хамгийн шилдэг тамирчин-2017" цомын эзэн боллоо.
Дашрамд дурдахад, Монголын Оуюн ухааны академийн тамирчид Америк, Швед, Хятад, Турк, Филиппин, Энэтхэг, Тайван, Малайз, Англи, Сингапур, Солонгос, Индонези зэрэг улсад оюуны спортын 45 дахь тэмцээндээ амжилттай оролцож олон улсаас нийт 742 медаль хүртэн дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ.
Ж.Болор