Дорноговь аймагт энэ жил 24 худаг ашиглалтад оруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-12-08 16:16:16
Дорноговь /МОНЦАМЭ/. 2017 онд Дорноговь аймгийн хэмжээнд нийт 24 худаг ашиглалтад оржээ. Улсын төсвийн 125 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Даланжаргалан, Айраг, Алтанширээ суманд долоон худаг шинээр гаргасныг Ажлын хэсгийнхэн 12 дугаар сарын 04-нд хүлээн авсан байна.
Харин хоёр худаг шаардлага хангаагүй тул дахиж гүйцэтгүүлэхээр барьсан компанид хугацаатай үүрэг даалгавар өгсөн аж. Мөн малчид хувийн хөрөнгөөр 10 инженерийн хийцтэй худгийг шинээр гаргаж ашиглалтад оруулсан байна.
Дорноговь аймгийн Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа” үйл ажиллагааны хөтөлбөрт бэлчээрийг зохистой ашиглаж, усан хангамжийг нэмэгдүүлж, мал аж ахуйг тогтвортой хөгжүүлэх зорилт тусгасан байна. Дашрамд дурдахад тус аймгийн ихэнх суманд цас ороогүй, цаг агаар дулаахан байгаа тул малчид өнөтэй өвөлжиж байна.   
Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ