УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаан эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-12-14 15:33:46
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үдээс хойшхи хуралдаан эхэлж, Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийнтөсөл болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Ажлын хэсгээс боловсруулсан Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх саналын 30, хамт өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн талаарх саналын 2 томъёоллоор санал хураалгаж байгаа юм. Тухайлбал техникийн зохицуулалтыг зөвхөн Засгийн газар баталж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбоотой журмыг эрхэлсэн сайд батлах, Итгэмжлэлийн байгууллагыг бие даасан хараат бус байдлыг хангах зорилгоор асуудал эрхэлсэн сайдын дэргэд ажиллах дүрмийг Засгийн газар баталж, даргыг нь эрхэлсэн сайд нь томилж, чөлөөлөхөөр зохицуулалтыг тусгасан байна.
Аж ахуйн нэгж, байгууллагын стандартыг Стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад бүртгүүлснээр уг стандарт хүчин төгөлдөр болохоор төсөлд тусгасан байсныг тухайн аж ахуйн нэгж, байгууллагын стандарт нь үндэсний стандартад нийцсэн байх шаардлагыг хуулиар тавьж, стандартын байгууллага зөвхөн бүртгэдэг байхаар төслийг өөрчилжээ. Стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын удирдлагыг байгалийн болон техникийн ухааны мэдлэгтэй, төрийн албанд 10-аас доошгүй, мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан хүнийг томилохоор төсөлд тусгасан байсныг шинэчлэн батлагдсан Төрийн албаны тухай хуульд нийцүүлэн өөрчилсөн байна.  Түүнчлэн тохирлын үнэлгээ хийх  мэргэшсэн шинжээчийн гүйцэтгэх үүрэг, түүнд тавих шаардлагыг төсөлд нэмж тусгажээ. 

Чуулганы нэгдсэн хуралдаан 43 гишүүн буюу 56.6 хувийн ирцтэй үргэлжилж байна. 
Н.Туяа
Холбоотой мэдээ