Б.Шижирбат “Asia's got talent” шоунд дөрөвдүгээр байрт шалгарав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2017-12-15 12:28:39
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Авьяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлгийн шилдэг оролцогчдын нэг Б.Шижирбат “Asia's got talent” шоунд амжилттай оролцож дөрөвдүгээр байрт шалгарчээ.

Өчигдөр тус шоу нэвтрүүлгийн журмаар ялагчийг олон нийтийн санал хураалтаар тодруулсан.
Тэрбээр шоуны эхний шатанд үзүүлсэн үзүүлбэрээр "Алтан баззер”-ын эзэн болж, хагас шигшээд өрсөлдөх шилдэг 24 оролцогчийн нэгээр шалгарсан билээ. Хагас шигшээгээс олон нийтийн санал хураалтын дүнд финалын шатанд үлдэж чадсан юм. Энэ талаар тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Яг үнэндээ эхний өдрөөс эхлээд та бүхэн маань нулимсаа цийлгэнэтэл дэмжсэн, энэ бүхэн надад хангалттай. Анхнаасаа финал хүртэл л явбал боллоо, мөрөөдлөө биелүүлэхээр зүтгэе гэж бодож байсан юм. Яалт ч үгүй надаас ч хамаарахааргүй хүн амын тоо гэдэг хэцүүхэн асуудалтай тулгарчих шиг боллоо. Гэхдээ энэ өнгөрсөн хугацаанд хөгшин залуугүй, нам харгалзахгүй, жалга довны үзэлгүйгээр #agtvOTE8 гэж бусад орны өрсөлдөгч нарыг айтал хашхирцгаасан та бүхэндээ дахин дахин баярлалаа” хэмээжээ.
 
Тус тэмцээний ялагчаар Индонезийн оролцогч, аймшгийн үзүүлбэрээр алдартай илбэчин Гэгээн Риана тодорсон юм.
 
Ж.Болор
Холбоотой мэдээ