Франц АНУ болон ОХУ-тай хамтран ажиллана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРПАРИС. /NHK/. “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэх цэргийн ажиллагаанд АНУ болон ОХУ-тай хамтран ажиллахаар Франц тохиролцов.
Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд мягмар гарагт Парис хотод АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керритэй уулзах үеэрээ босогчидтой тэмцэх асуудлаар хэлэлцэж, мэдээлэл солилцох ажиллагааг нэмэгдүүлэхээр тохиролцов.
Уг уулзалтын дараа Керри, “Лалын улс” бүлэглэлийн хяналтад байгаа Сирийн газар нутагт агаарын цохилт өгөх хэрэгтэйг онцлов.
Олланд мөн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай утсаар ярьсан байна. Сирид явуулж буй ажиллагаанд хоёр орны цэргийн болон тагнуулын байгууллагуудын хамтын ажиллагааг нягт болгохоор хоёр тэргүүн тохиролцсон гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн ордноос мэдэгджээ.
Ирэх долоо хоногийн мягмар гарагт Олланд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай, үүнээс хоёр өдрийн дараа Путинтай уулзана гэж Францын Ерөнхийлөгчийн ордноос мэдээлэв.
Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Асадын Засгийн газрын ирээдүйтэй холбоотой асуудалд АНУ, ОХУ санал зөрөлдөөнтэй байгаа билээ. АНУ Асадыг огцруулах хүсэлтэй байгаа бол ОХУ Асадыг дэмжиж байна.
Д.Нямтулга