“Өвөл” шоу тоглолтын тасалбараас утааны эсрэг сайн үйлсэд хандивлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
dusem11@yahoo.com
2017-12-18 11:01:43
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Корпорейт  энтертайнмент”  багийн 12 дугаар сарын 15, 16-ны өдрүүдэд зохион байгуулсан “Өвөл” шоу тоглолтын тасалбар бүрийн орлогоос 1000 төгрөгийг утааны эсрэг сайн үйлсэд зориулжээ.

“Корпорейт конвеншн центр”-ийн хамт олон улирал бүр үндэсний язгуур урлагийг орчин үеийн хөгжмийн хэмнэлтэй хослуулсан шоу тоглолтыг үзэгчдэд хүргэдэг уламжлалтай. Тэд “Наадам”, “Намар” зэрэг тоглолтыг амжилттай зохион байгуулж үзэгчдээс өндөр үнэлгээ авч байсан юм.

“Корпорейт энтертайнмент” багийн уран бүтээлчид энэ удаагийн “Өвөл” шоу тоглолтыг танхим дүүрэн үзэгчтэй бөгөөд  үндсэн хоёр хэсгээс бүрдсэн байв. Тоглолтын эхний хэсэгт язгуур урлагийг циркийн үзүүлбэртэй хослуулсан өвөрмөц өнгө төрх, үндэсний хэв маягийг илэрхийлсэн бүтээлүүдийг үзэгч олондоо хүргэсэн юм. Мөн дөрвөн жил тайзнаа гарч тоглоогүй “Бөртэ хамтлаг”, “Өвөл” шоунд оролцсон нь тоглолтын онцлох үзүүлбэрүүдийн нэг байв.



Харин тоглолтын хоёрдугаар хэсэг шинэ жилийн баярын өнгө аясыг шингээсэн үзүүлбэрүүд байлаа. Хүүхдүүдийн үзэх дуртай хүүхэлдэйн киноны баатрууд тус шоу тоглолтын тайзнаа амилсан нь бяцхан үзэгчдэд гэнэтийн бэлэг болсон юм. Үндэсний хэв маяг, язгуур урлаг, өв соёлыг шингээсэн бүтээлийг дэлхий дахинд таниулах зорилготой “Корпорейт энтертайнмент” багийн “Өвөл” шоу тоглолтод 80 гаруй уран бүтээлч оролцлоо.
“Өвөл” шоу тоглолтын үзүүлбэрүүд үзэгчдэд баяр баяслыг төрүүлэхээс гадна монгол хүн бүрийн эрүүл мэндэд заналхийлэх болсон утааны асуудлыг хөндсөн нь найруулагчийн өвөрмөц шийдэл болсон билээ.

Д.Өлзий
Холбоотой мэдээ