Хатгааны эсрэг вакцинаар 87 мянга 900 хүүхдийг дархлаажуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2017-12-26 14:46:59
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн 3 жилийн судалгаагаар уушгины хатгаа өвчний сэжигтэй эмнэлэгт хэвтэж буй хүүхдүүдийн 32-40 хувь нь хүндэвтэр буюу хүнд хэлбэрийн хатгаатай байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүүхдийн 60 хувь нь гэрээр эмчлэх бүрэн боломжтойг тогтоосон. Тиймээс уушгины хатгалгаанаас урьдчилан сэргийлэх вакцин хийлгэх нь чухал гэдгийг өнөөдөр ЭМЯ-наас мэдээлэл хийх үеэр мэргэжилтнүүд онцлов.

ЭМЯ-ны эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал хэлэхдээ, "ЭМЯ-наас баярын өдрүүдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээний тасралтгүй шуурхай тусламжийг хангаж ажиллах даалгавар гарсан. Үүний дагуу 24 цагийн турш гар утсаа нээлттэй байлгаж, хөдөө орон нутагт амрахаар явсан эмч нар тухайн газартаа эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээг үзүүлж ажиллах, баярын өдрүүдэд хамгийн туршлагатай эмч, ажилтнуудыг жижүүрт гаргах зэргээр ажиллана. Томуу, томуу төст өвчний өвчлөл энэ долоо хоногийн байдлаар амбулаторийн үзлэгийн 6.2 хувийг эзэлж байгаа. Баяр ёслолын үеэр нэмэгдэх хандлагатай байгаа учраас эмч, эмнэлгийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах чиглэлээр ажиллаж байна" гэв.

2016 онд нийслэлийн Сүхбаатар, Сонгинохайрхан дүүрэгт, 2017 онд нийслэлийн Баянзүрх дүүрэгт уушгины хатгалгааны эсрэг вакцинаар 2 хүртэлх насны 87 мянга 900 хүүхдийг дархлаажуулсан байна. Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөр /2016-2020/-т уушгины хатгалгааны эсрэг вакциныг дархлаажуулалтад үе шаттай нэвтрүүлэхээр тусгасан.
Дээрх зорилтын хүрээнд Мөн 2018 онд ХУД, БГД, ЧД, НД, БНД, БХД-ийн 36 мянган хүүхдийг 3 тунгаар дархлаажуулах 110.000 хүн/тун вакцин, дагалдах хэрэгсэлд шаардагдах нэг тэрбум төгрөгийг улсын төсөвт тусган, Эрүүл мэндийн сайдын багцад оруулжээ.
Пневмококкийн эсрэг вакцинаар дархлаажуулах тухай Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу нийслэлийн Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн 2 сартай хүүхдийг эхний тунд, 4 сартайд нь 2 дугаар тунд, 9 сартайд нь 3 дугаар тунд хамруулж, 2 хүртэлх насны бүх хүүхдийг хоёр тунгаар дархлаажуулж байгаа аж. 

2016-2017 онд вакцин тариулсан хүүхдийн дунд хатгааны өвчлөл 40 хувиар буурчээ. Вакцин тариулсан хүүхдийн дунд уушгины хатгаа өвчний улмаас хүүхэд эндээгүй гэдгийг мэргэжилтнүүд хэллээ. 

Ж.Болор
 
Холбоотой мэдээ