УИХ-аас утаа бууруулах асуудлыг судлах ажлын хэсэг байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-12-28 10:24:58
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ.

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдрийг маргааш орон даяар тэмдэглэхтэй холбогдуулж, Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлсэн юм. Үүний дараа УИХ-ын дарга М.Энхболд хэлэлцэх асуудлын жагсаалтыг танилцуулав. Хэлэлцэх асуудалтай холбогдуулж, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, “УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч нэгдээд томоохон асуудлууд дээр шийдэл гаргамаар байна. Тухайлбал, он гараад хаалттай горимоор Засгийн газрын мэдээллийг чуулганаар бүтэн өдөр сонсох хэрэгтэй. Олон улсын зээл тусламж хэрхэн зарцуулагдаж байгааг ч хянах нь зүйтэй. Нэг хуралдаан дээр 20 асуудал хэлэлцэхээр оролцогчид нь санал хэлсэн болоод тардаг. Тиймээс зөвхөн нэг асуудал хэлэлцэж, оновчтой гарц гаргамаар байна" гэв.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт Төв банкны болон Банкны тухай хуулийг эгүүлэн татах хэрэгтэй гэсэн байр суурьтай байсны зэрэгцээ оны эхний чуулганы хуралдаанаар утааны асуудлыг авч хэлэлцэх саналтай байгаагаа хэллээ. Харин УИХ-ын гишүүн Х.Нямбаатар утаа зөвхөн нийслэлийнхний тулгамдсан асуудал биш болсон шүү хэмээн сануулав. 

Үг хэлсэн гишүүдийн ихэнх нь утаатай холбоотой санал хэлсэн. Үүнтэй холбогдуулж УИХ-ын дарга М.Энхболд, "Утаа анхаарал татсан асуудал болсон. Эл асуудал дээр Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар гэлтгүй ажиллах шаардлагатай байна. Сүүлийн 2-3 өдөр иргэд утсаар маш их санал хүсэлт ирүүллээ. Иргэдийн бухимдах нь аргагүй. Эрүүл мэндийн салбар дахь ачаалал ихэслээ.  Иймд чуулганы хуралдааны дараа УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийг хуралдуулж, ажлын хэсэг байгуулья. Он гарангуут ажлын хэсгийг шуурхай ажиллуулж, тодорхой чиглэл гаргая" гэлээ.
Б.Туул

Холбоотой мэдээ