Тэтгэврийн зээлийн хүүг 1.1-1.2 хувь болгож бууруулахаар ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-11-19 13:40:18

Долоо хоног бүрийн пүрэв гаригт болдог “Сайдын цаг” уулзалтад ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ оролцож цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Хамтын тэтгэврийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар хийнэ. Хууль баталснаар ахмадуудын нийгмийн том баталгаа болж очно. Ахмад настнуудад өмнө тулгарч байгаа аливаа эрсдлээс тэднийг хамгаалах нь хуулийн гол зорилго. Гэр бүлийн хоёрын хэн нэг нь түрүүлж хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн тохиолдолд сэтгэл зүйн болон эдийн засгийн эрсдэлд ордог. Ялангуяа сүүлийн үед ахмадууд бие даасан байдлаар амьдрах нь ихэссэн учраас ахмадуудын нийгмийн хамгааллын тал дээр анхаарах,  хууль эрх зүйн орчин бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай болсон.

Мөн өчигдөр Хөгжлийн бэршхээлтэй хүний эрхийн тухай хуулийн анхны хэлэлцүүлэг хийж дэмжигдлээ. Хууль баталснаар 110 гаруй мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрх хуульчлагдах юм. Мөн малчдын ажилласан жилийг нэмэгдүүлэн тооцох тухай хуулийн төслийг байнгын хорооны түвшинд дэмжсэн. Энэ нь малчдын хөдөлмөрийг бодитоор үнэлэх боломж бүрдэх юм. Бусад улс оронд малчидтай ижил төрлийн хөдөлмөр эрхэлж буй иргэдийнхээ нийгмийн даатгал, хамгаалал, тэтгэвэр тогтоолт дээр хууль эрх зүйн зохицуулалт хийж хамгаалдаг туршлага бий" хэмээн мэдээлэв. Сайдын мэдээллийн дараа сэтгүүлчид салбарт нь хамаарах асуудлаар хариулт авсан юм.

-Гэр бүлийн тухай хуулинд гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн тохиолдолд хариуцлага тооцно гэсэн заалт орсон мэтээр ярьж байна. Ийм заалт тус хуулинд орсон уу?

-Гэр бүлийн тухай хууль нь өнөөгийн шаардлагыг хангахгүй байдалд хүрээд байна. Гэр бүлийн харилцаанд байгаагүй цоо шинэ харилцаа өнөөдөр бий болсон. Үүнийг зохицуулах зайлшгүй шаардлага үүссэн. Хоёрдугаарт гэр бүлийн хуулиар гэр бүлийн үнэ цэнэ, бат бөх байдлыг хангахад чиглэсэн зохицуулалтыг тусгах үүднээс хууль боловсруулсан. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичиж байгаа шиг гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн тохиолдолд эрүү үүсгэнэ, хариуцлага тооцно гэсэн асуудал тусгагдаагүй. Тухайн хүний ёс суртахуунтай холбоотой асуудлыг хуулиар шийдэх боломжгүй.

-Хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт чиглүүлнэ гэж байна. Хэдэн төгрөгийн орлоготой гэр бүлд хүүхдийн мөнгө очно гэсэн үг вэ. Уг нь АН мөрийн хөтөлбөртөө хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгоно гэж амласан. Энэ амлалтаасаа ухарч байгаа хэрэг биш үү. Түүнчлэн хүүхдийг ялгаварлан гадуурхаж байгаа юм биш үү?

-Нийт өрхийг амьжиргааны түвшингээр нь 20 бүлэгт хуваасан байдаг. Үүний 1-17 дахь бүлэгт хамаарах бүлэгт хүүхдийн мөнгийг олгоно. Ер нь хавтгайрсан халамжийг зорилтот бүлэгт чиглүүлэх нь үндсэн зорилго. Улстөржсөн нийгмийн халамжаас татгалзах хэрэгтэй. Хэн нэгэн иргэний хүүхдийг ямар нэгэн байдлаар алагчласан зүйл байхгүй. Хэрэв тухайн иргэн хүүхдийн мөнгөө авья гэвэл хүсэлт гаргах эрх нь нээлттэй.

-Тэтгэврийн нэмэгдлийг хэрхэн харж байна вэ?

-Тухайн жилийн инфляцийн түвшинтэй уялдуулан Үндэсний Статистикийн хороо, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар нэмэгдлийг шинэчлэн тогтооно гэсэн хуультай. Энэ хуулиараа л зохицуулна.

-Та нийтлэлч Баабарыг хууль бусаар тэтгэврээ тогтоолгосон гэсэн асуудлыг нийгэмд гаргаж тавьсан. Ер нь тэтгэврээ хуурамчаар тогтоолгох гэсэн оролдлого олон гардаг уу?

-Тэтгэврээ хуурамчаар тогтоолгох гэсэн оролдлого цаг ямагт гардаг. Ийм зөрчлийг тухай бүрт нь тогтоож, шаардлагатай гэвэл хууль хяналтын байгууллагад шилжүүлдэг. Тэтгэвэр тогтоолгох гэсэн оролдлого бол явцгүй. Манайх УБЕГ болон бусад байгууллагатай цахим сүлжээгээр холбогдсон. Тэгэхээр иргэн бүрийн мэдээлэл бүрэн, ил тод байж байдаг.

-Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах асуудлыг хэрхэн зохицуулах боломжтой вэ?

-Нийгмийн даатгалын байгууллага тэтгэврийн зээлийн хүүг бууруулахад үүрэг хүлээх мэтээр зарим хүмүүс яриад байдаг. Тэтгэврийн зээл гэдэг бол нэг талаас тэтгэвэр авагч, нөгөө талаас арилжааны банк хоёрын хоорондын харилцаа юм. Хөндлөнгийн буюу нийгмийн даатгалын байгууллагын оролцоо энд байхгүй. Гэхдээ тэтгэвэр авагчдын эрхийг хамгаалах үүднээс Монголбанктай энэ асуудлаар хамтарч ажиллаж байна. Он гараад тэтгэврийн зээлийн хүүг сарын 1.5 хувиас 1.1-1.2 хувь болгож бууруулахаар зөвшилцөж байна.

-10 мянган нас барсан хүний нэрээр ихээхэн хэмжээний мөнгө завшсан гэх дуулианд салбарын сайдын хувьд ямар тайлбар хийх вэ?

-Олдож байгаа боломжийг ашиглаад хариуцлагатай мэдэгдэхэд, энэ асуудал шалгагдаад дууссан гэдгийг хэлье. Анх цагдаагийн байгууллагаас 14 мянган хүний нэр бүхий файлыг шалгуулахаар ирүүлсэн. Түүнийг нь шалгаад үзэхэд нас барсан иргэдийн мэдээлэлтэй таарахгүй байсан. Түүн дотор ганц нэг мэдээлэл таарсан тохиолдол бий. Энэ дагуу бүх шалгалтыг хийгээд цагдаад буцааж өгсөн. Дахин цагдаагийн байгууллагаас холбогдох хүсэлт ирсэн. Энэ дагуу шалгаад хариуг нь өгсөн. Үүний дараа цагдаагаас 10 мянган хүнтэй холбоотой их хэмжээний мөнгө завшсан гэх мэдээлэл цацсан.

Иймээс шуурхай арга хэмжээ авч, сайдын зөвлөлийг хуралдуулсан. Нийгмийн даатгалын хяналтын 100 гаруй байцаагчийг 14 хоног ажиллуулж, 14 мянга орчим тэтгэвэр авагчийн тэтгэвэр, мөн 10 жилийн хугацаанд нас барсан 123 мянган хүний баримт бичгийг шалгалаа. Шалгалт 21 аймаг, 9 дүүргийг хамарсан. Уржигдар эцсийн дүн мэдээ гарлаа. Өнгөрсөн 10 жилд нийт 123 мянган хүн нас барж, нийгмийн даатгалаас 37,8 тэрбум төгрөгийг оршуулгын зардалд олгосон байна. Энэ дотроос зөрчилтөй гэх 14 мянган хүний материалыг шалгахад 170 орчим зөрчил илэрсэн. Эдгээр зөрчил нь жилд 10 орчим зөрчил гарч байсан гэсэн үг. Гэхдээ эдгээр зөрчил нь тухайн жилдээ арилгагдаад явсан байдаг. Нас барсан хүний тэтгэврийг зориудаар авсан гэхээсээ иргэний хасалтыг ар гэрийнхэн нь хийгээгүй зэрэг тохиолдол байдаг юм билээ. Одоо 40 орчим хүнтэй холбоотой 46 сая төгрөгийн асуудал шалгагдаж байна. Энэ асуудал хуулийн байгууллагад шилжсэн.

Б.Туул

 

 

 

 

Холбоотой мэдээ