Г.Номуундарь охиныг өмгөөлөх багийнхан мэдээлэл хийв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/ "Өдрийн сонин''-ы Асуух эрхийн танхимд өнөөдрийн 12 цагт Уул, уурхайн сайд асан Д.Ганхуягийн охин Г.Номуундарийн өмгөөлөгч Ц.Баасандорж, Р.Булгамаа, О.Чулуунчимэг нар мэдээлэл хийлээ. Ц.Баасандоржоор ахлуулсан өмгөөлөгчдийн тус багийнхан зарим эргэлзээ төрүүлсэн мэдээлэлд анх удаа хариулт өгч байгаа нь энэ юм. Хэвлэлийн хуралд мөн Хүчирхийллийн эсрэг төрийн бус байгууллагын төлөөлөл оролцов.
Г.Номуундарь өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан эрх бүхий албан тушаалтны хүүхдүүд хар тамхи хэрэглэдэг тухай болон өөрийгөө хүчирхийлэлд өртсөн гэх мэдээллийг хийснээс хойш Нийслэлийн Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс болон ЦЕГ-ын Улсын мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс түүний ар гэрийнхний гаргасан гомдлыг шалгаж байна. Гэвч эхнээсээ эрүүгийн хэрэгт шалгаж эхлээгүй болон гэмт хэргийг бүрэн нотолж, холбогдогчдыг мөрдөн байцаагаагүй байхад УЕПГ-ын ажилтан хууль зөрчсөн мэдээлэл хийсэн. Цагдаагийн мөрдөн байцаагч нар хууль зөрчсөн байцаалт явуулж эхэлж байгаа учир холбогдох прокурорын ажилтан, цагдаагийн мөрдөн байцаагч нарыг шалгаж гомдлыг удирдах байгууллагуудад өгөөд байна.
Өмгөөлөгч Р.Булгамаа "Г.Номуундарь 11 нэгдүгээр сарын 30-ны өдөр өөрийн цахим хуудсаараа хүүхдүүдийн гэмт хэргийн талаарх мэдээллийг цацсан. Энэ нь өөрийнхөө нэр төрийг эрсдэлд оруулсан, зоригтой үйлдэл юм. Г.Номуундарийн ярьсан зүйлс олон нийт, нийгмийн анхаарлыг татаж байгаа. Охины эрүүл эсэхэд эргэлзэж байгаа мэт төөрөгдөл ч үүссэн. Г.Номуундарь охин сэтгэц эрүүл. Элсэлтийн шалгалтдаа өндөр оноо авч, их дээд сургуульд орсон. Охиныг бичлэг хийсний дараа шинжилгээ хийсэн. Шинжилгээгээр охин ямар нэгэн мансууруулах бодис хэрэглэдэггүй гэдэг нь тогтоогдсон. Охины хууль ёсны эрхийг хамгаалж, түүний аав оны өмнө Монгол Улсын Ерөнхий прокурорт хандсан. Ц.Баасандоржоор ахлуулсан хуулийн баг энэ охины хэрэг дээр ажиллаж байгаа. Харамсалтай нь, гэмт хэргийн нөхцөл байдал тогтоогдоогүй байхад хуулийн байгууллагууд асуудалд анхаарал, болгоомжгүй хандаж байна хэмээн" ярив.