Авлигатай тэмцэх байгууллагын хараат бус байдлын талаар ярилцав

Монголын мэдээ | Хууль
gantuya@montsame.mn
2015-11-19 16:45:38

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд Бүгд найрамдах Бангладеш улсын Авлигын эсрэг хорооны тэргүүн дарга Шахидуззаманыг өчигдөр хүлээн авч уулзав.

АТГ-ын дарга Н.Ганболд Азийн хөгжлийн банк, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Ази, Номхон далайн орнуудын Авлигын эсрэг санаачилгын 20 дахь удаагийн Удирдах зөвлөлийн уулзалт, 13 дахь удаагийн бүс нутгийн семинарт оролцож байгаад талархал илэрхийлсэн юм. Тэрбээр “Бид гадаад улс орнуудын авлигатай тэмцэх чиг үүрэгтэй нэлээд олон байгууллагатай хамтран ажилладаг. Бангладеш улсын Авлигын эсрэг хороотой хамтран ажилласнаар хоёр талд харилцан туршлага солилцох, албан хаагчдаа мэргэшүүлэн сургах, мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломж бүрдэнэ” гэлээ.

Бангладеш улсын Авлигын эсрэг хорооны тэргүүн дарга Шахидуззаман олон улсын нэр хүндтэй хурлыг улс орондоо зохион байгуулж буйд талархлаа илэрхийлээд, авлигатай тэмцэх чиглэлээр хамтран ажиллах хүсэл эрмэлзэл дүүрэн байгаагаа мэдэгдэв. Мөн авлигатай тэмцэх байгууллагын хараат бус, бие даасан байдлын талаар ярилцаж, санал бодлоо солилцов.

Бангладеш улсын Авлигын эсрэг хороо нь 2004 онд байгуулагдсан бөгөөд бие даасан, өөртөө захирагддаг, төвийг сахьсан статустай юм байна. Мөрдөн шалгах ажиллагаа явуулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, судалгаа хийх, авлигын шалтгааныг олж тогтоох зэрэг чиг үүрэгтэй аж.  

Н.Туяа

Холбоотой мэдээ