Профессор Ж.Чинбүрэн эх орондоо ирлээ

ВИДЕО МЭДЭЭ
photo_user@montsame.mn
2018-01-16 11:56:39

Францын мэс засалчдын академийн Хүндэт гишүүний дипломыг гардан авсан Ази тивийн гурав дахь хүнээр Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал, профессор Ж.Чинбүрэн тодорсон билээ. Энэхүү нэр хүндтэй шагналыг өмнө нь Ази тивээс хоёр л хүн хүртсэн байдаг байна.

Дэлхийн хамгийн нэр хүндтэй Францын мэс засалчдын академийг албан ёсоор 1731 онд Францын эзэн хаан XV Людовикийн ивээл дор хааны мэс засалч "Georges Mareschal" байгуулсан түүхтэй ч үүнээс өмнө уг академийн үйл ажиллагаа эхэлсэн бөгөөд 1723 онд мэс засал хийх эрх олгосныг баталж мөнгөн зоосон тэмдэг гаргаж байжээ.

Францын мэс засалчдын академийн Хүндэт гишүүн Ж.Чинбүрэн өчигдөр эх орондоо ирсэн бөгөөд Хавдар судлалын үндэсний төвийн хамт олон хүндэтгэлтэйгээр угтан авсан юм.

Тэрээр “Энэ бол Хавдар судлалын үндэсний төвийнхний бид бүгдийн амжилт юм. Хагалгааг хэзээч ганц хүн хийдэггүй. Энэ нь Монголын хавдрын хагалгааны хөгжлийг дэлхий хүлээн зөвшөөрсний баталгаа гэж би итгэж байна” гэсэн юм.

Профессор Ж.Чинбүрэн Хавдар судлалын үндэсний төвд 21 жил ажиллаж байгаа бөгөөд 2016 оноос Ерөнхий захирлаар нь ажиллаж байгаа билээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд