Ард нийтийн санал асуулга явуулах эрх зүйн орчныг тодорхой болгоно
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Батбаярын өргөн мэдүүлсэн Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийлээ.
Хэлэлцүүлгийн эхэнд хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Н.Батбаяр танилцуулав. Тэрбээр илтгэлдээ, “Ард нийтийн санал асуулга явуулах тухай хууль 1995 онд батлагдсан ч нэг ч удаа хэрэглэж байгаагүй. Хуулийн төслийг боловсруулахдаа хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн ерөнхий бүтцийг хэвээр хадгалах зарчим баримталсан.
УИХ-ын сонгуулийн тухай хууль 2011 онд шинэчлэн батлагдсантай холбогдуулан Ард нийтийн санал асуулгын тухай хуульд тухайн үед нь шаардлагатай өөрчлөлт оруулаагүйгээс ард нийтийн санал асуулга явуулах эрх зүйн орчин тодорхой бус болсныг залруулснаар санал асуулга явуулах эрх зүйн орчин бүрдэх юм” гэлээ.
Үүний дараа Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Р.Гончигдорж танилцуулсан юм. Тус байнгын хорооны хуралдааны үеэр гишүүдийн зарим нь Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжихгүй гэсэн бол нөгөө хэсэг нь цаг хугацааны хувьд тохиромжгүй.Түүнчлэн эцэг хуулийн өөрчлөлтийг дэмжиж байна, УИХ-ын сонгуультай хамтатган явуулах нь зүйтэй гэсэн санал гарсан хэмээн танилцууллаа.
Үүний дараа хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж, гишүүд хууль санаачлагчид асуулт тавьсан. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, “Иргэд Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжихгүй байхад заавал энэ хуулийг хэлэлцэх шаардлага байна уу, үүний оронд хуулийн төслөө татаж авах хэрэгтэй” гэхэд УИХ-ын гишүүн Н.Батбаяр, “Ард түмэн дэмжихгүй байна гэж байна. Ард түмний өмнөөс ярьж болохгүй. Монгол Улсын хувь заяатай холбоотой асуудлаар иргэдийнхээ саналыг асууж шийдье гэж байна. Одоогийн хууль хэрэгжих боломжгүй болоод засья гэж оруулж ирсэн юм” хэмээн хариулсан.
УИХ-ын гишүүн Г.Уянга, “Энэ хуульд өөрчлөлт оруулахыг дэмжиж байгаа. Энэ бол механик өөрчлөлт. Олон асуудлын эх учраас дэмжиж байна. Өнгөрсөн 25 жилийн хугацаа бол МАНАН-гийн зөвшилцлийн жилүүд байсан. Өнөөдөр тэд олон нийтийн итгэлийг авч чадахгүй байгаа тул ард түмний санал асуулгыг явуулаасай гэж хүсч байна” гээд асуулгад тусгах асуултын талаарх саналаа хэлсэн. УИХ-ын гишүүн Н.Батбаяр, “Ард нийтийн санал асуулга бол дээд ардчилал. Тодорхой асуудлаар ард нийтийн санал нэгдэхгүй гэвэл санал нэгдэхийг хүлээдэг олон улсын туршлага байдаг. Манай улс 1945 онд ганц удаа ард нийтийн саналыг асуусан. Өнгөрсөн хугацаанд иргэдийнхээ саналыг асууж байгаагүй. Төрийн дүлийг арилгая гэж байна. Ямар асуулга тусгах нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал” гэв.
Н.Батбаяр гишүүн хууль санаачлагчийн хувьд УИХ-ын гишүүдийн асуултад хариулахдаа, “Үндсэн хуультай холбоотой бусад хуулиуд батлагдахгүй байж болно. Харин энэ хууль бол өөр. Ард түмнээсээ асууж шийддэг үйл явц бол үргэлжилсээр байх болно. Заавал Үндсэн хуулийн өөрчлөлтөөр асуулга явуулах албагүй. Бусад улс орны чанартай асуудлаар асуулга явуулах бололцоотой” гэсэн тайлбар өгч байлаа. Энэ үеэр Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэнгээс тус хуулинд өөрчлөлт оруулах шаардлага байгаа эсэхийг тодруулахад “Зайлшгүй өөрчлөлт хийх шаардлагатай” хэмээн хэлж байв.
УИХ-ын дарга З.Энхболд хуулийг өөрчлөх шаардлагатай гэдгийг онцлоод “Ажилладаг хуультай болох хэрэгтэй байна” гэсэн бол УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, "Хуулийн өөрчлөлтийг дэмжиж байна. Бодлогын чанартай улс орны амин чухал асуудлуудыг иргэдийнхээ саналаар явуулдаг болох нв зөв. Ард түмний саналыг асуугаагүй байж ард түмэн ингэж хэллээ гэж ярьж болохгүй. Өнөөдөр нэг жил болоод Засгийн газраас огцруулж байна. Үүнийг ч гэсэн ард түмнээсээ асуух хэрэгтэй. Болж өгвөл асууж л байх хэрэгтэй" гэв.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан дэмжиж байгаагаа илэрхийлээд, "Төлөөлийн ардчиллаар 25 жил явж ирлээ. Одоо шууд ардчиллын зарчмыг оруулж ирэх нь зүйтэй. Орон нутагт ч гэсэн орон нутгийн асуудлаараа иргэд санал асуулга явуулдаг байж болно. Ард нийтийн санал асуулгыг хоёр асуулгаар явуулахаар байгаа. Одоо иргэдийн мэдлэг мэдээлэл тэлсэн тул 5-6 асуулгаар иргэдийн саналыг авсан ч болно. Энэ хуулиар олон асуудлыг шийдэх боломжтой" гэлээ.
Гишүүд үгээ хэлсний дараа "Хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй" гэсэн саналаар санал хураалт явуулахад 55,1 хувь нь дэмжсэн тул дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.
Б.Туул