Ахмадын улсын аварга шалгаруулах хоккейн тэмцээн болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-01-19 17:48:06
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Ахмадын Улсын аварга шалгаруулах Хоккейн тэмцээнийг энэ сарын 17-21-нд Дархан-Уул аймагт зохион байгуулж байна. Энэ удаагийн ахмадын улсан аварга шалгаруулах тэмцээнд Улаанбаатар хот болон Дархан, Орхон сэлэнгэ аймгуудын нийт найман баг хурд хүчээ сорьж байна. Таван өдөр үргэлжлэх уг тэмцээнд найман баг 2 хэсэгт хуваагдан тойргийн системээр тоглож байгаа бол шигшээ тоглолтууд олимпын системээр үргэлжлэн явагдах ажээ.

Хоккейн спортыг хөгжүүлэх, ахмад тамирчдын тоглолтын ур чадвар, арга техникийг өсвөр үеийнхэнд эзэмшүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдрын хүмүүжил олгох зорилгоор зохион байгуулагдаж буй тус тэмцээн урд өмнөх жилүүдийнхээс өрсөлдөөнтэй болж байгаа талаар тэмцээнд оролцогчид онцлохын зэрэгцээ хамгийн ахмад нь  73 настай тамирчин оролцож байна.

Сонирхуулахад Дархан-Уул аймгийн Хоккейн шигшээ баг 1970 онд анх комиссар н.Пэлжээгийн санаачлагаар үүсэн байгуулагдаж, 1971-1974 онуудад “Залуу үе” сэтгүүлийн нэрэмжит хоккейн тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль хүртэж, 1975–1981 он хүртэл зургаан жил дараалан түрүүлсэн бахдам амжилтыг үзүүлж байсан түүхтэй бөгөөд Б.Сүрэнжав, Н.Шагдарсүрэн, Ч.Дамдиндорж, Н.Ванчинжав, Н.Чойжил, Б.Төмөрсүх гээд хоккейн спортын анхны таван спортын мастер, хоёр дэд мастер төрөн Дарханаас гөрчээ.

Харин хоккейн Лигийн тэмцээн 1998 оноос анх зохион байгуулагдаж эхэлсэн. Дархан-Уул аймгийн баг тамирчид 1998 онд мөнгө, 2001 онд хүрэл медаль хүртэн Хоккейн тэмцээний Шилдэг довтлогчийн шагналыг Б.Сүрэнжав долоон удаа хүртэж, Шилдэг хамгаалагчаар Н.Шагдарсүрэн, Г.Ганхүү, Шилдэг хаалгачаар Б.Төмөрсүх нар удаа дараа шалгарч байсан гайхам сайхан түүхтэй юм.
 
Л.Отгонбаатар
 
Холбоотой мэдээ