Р.Цэндээ:Манай төсөл Увсын малчин өрхийн 75 хувийг хамран ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2015-11-20 16:33:16

Швейцарийн хөгжлийн агентлагийн “Ногоон алт” төсөл, Увс аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооны гүйцэтгэх захирал Р.Цэндээтэй уулзаж тус төслийн зүгээс 2015 онд Увс аймагт хийсэн ажлын талаар ярилцлаа.

-Танай төсөл энэ онд ямар ажил хийж амжуулав. Ажлын үр дүн хэр байна?

-“Ногоон алт төсөл” нь бэлчээрийн мал аж ахуйн хөгжлийн болон хөрөнгө оруулалтын асуудлаар дэмжлэг үзүүлж, малчид орон нутгийн засаглалын байгууллагын оролцоог хангаж, хамтарч ажилладаг төсөл бөгөөд Увс аймагт амжилттай хэрэгжиж байна.

Аймгийн хэмжээнд энэ онд бэлчээр ашиглагчдын 118 хэсэгтэй, хонин толгойд шилжүүлснээр 2,242,491 малтай 5722 малчин өрхийн 13033 малчид, 3,980,594 га бэлчээр нутгийг хамруулан үйл ажиллагаа явуулж байна. Энэ нь нийт малчин өрхийн 75 хувь, малын 75 хувь, бэлчээр нутгийн 75 орчим хувийг хамарч байгаа юм.

Дундын сан нь малчин өрхийн эдийн засгийн хөшүүрэг, хамтарч мөнгө босгож асуудлаа шийдэх эх сурвалж, загвар бүтээгдэхүүн юм. Аймгийн хэмжээнд дундын санд 4113 малчин өрхөөс 116,023,870 төгрөг, “Ногоон Алт” төслөөс 105,310,000 төгрөг, нийт 221,383,870 төгрөгийн дундын сан бүрдүүлж, 718,261,000 төгрөгийн зээл Бэлчээр ашиглагчдын хэсгийн малчдад олгож, 31,596,942 төгрөгийн хүүгийн орлого олж, нийт 252,980,812 төгрөгийн  дундын сантай болсон  байна.

Тэс, Өмнөговь, Цагаанхайрхан, Өндөрхангай сумдад 80 м2 талбайтай дүнзэн байр барьж ашиглалтанд оруулснаар аймгийн хэмжээнд 10 сум “Малчдын мэдээлэл сургалтын төв”-тэй болоод байна. Малчдын байгууллага, Сумын бэлчээр ашиглагчдын холбоо байрны ашиглалтын менежментийг хийх бөгөөд бэлчээрийн менежмент, сүргийн менежмент, нэг ба олон наст ургамал тариалалт, хадлан тэжээл бэлтгэл, малын эрүүл мэнд, мал аж ахуйн бүтээгдэхүүний борлуулалтын менежмент буюу малчдын хоршоо дэмжих үйлчилгээ зэрэг асуудлаар малчдад сургалт, талбайн өдөрлөг, үзэсгэлэн худалдаа, уулзалт, зөвлөлгөөнийг сум, бүсийн сумдын хэмжээнд зохион байгуулж байна.

-Мал аж ахуйн бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэх, малчдын хоршоог дэмжих, хадлан тэжээл бэлтгэх, малын үүлдэр угсааг сайжруулах чиглэлээр ямар ажлууд хийж байна вэ?

-Зүүнговь сумын Бэлчээр ашиглагчдын холбооны дэргэдэх “Ногоон худаг” малчдын хоршоо 5x30 метрийн хэмжээтэй, 110 тонны багтаамжтай эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангасан зоорь ашиглалтанд оруулахад санхүүгийн дэмжлэг үзүүлсний үр дүнд зүүн бүсийн сумдын болон хоршооны гишүүн малчдын сүү цагаан идээ, мах, төмс, хүнсний ногооны хадгалалтын горим сайжирч, борлуулалтын хэмжээ нэмэгдэж, малчид мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчид үр шимийг нь хүртэх боломж бүрдүүлж байна.

Баруунтуруун сумын Бэлчээр ашиглагчдын холбооны дэргэдэх “Алтан сүүний цацал” хоршоо, Тэс, Бөхмөрөн сумын малчдын байгууллагад жижиг оврын “Foton 250” трактор хадлангийн иж бүрдлийн хамт олгосны үр дүнд Тэс сумын малчдын байгууллага малчидтайгаа хамтарч 65 тонн өвс, Баруунтуруун сумын малчдын хоршоо 30 тонн өвс, Бөхмөрөн сумын малчдын байгууллага 20 тонн өвс бэлтгээд байна. Энэ өвс тэжээлийн нөөцөө Бэлчээр ашиглагчдын хэсгийн малчиддаа зах зээлийн үнээс хямдралтай үнээр олгох юм.

Зүүнговь, Хяргас, Тэс сумын Мал эмнэлэг үржлийн тасаг, Мал эмнэлэг үржлийн аж ахуйн нэгж, малчдын байгууллагатай хамтран “Баяд” үүлдрийн 250 төлгөн хуц бойжуулж Архангай, Ховд, Завхан аймгийн малчдад нийлүүлээд байна. Цаашид “Баяд” үүлдрийн хуцыг мэргэжлийн байгууллагатай хамтран бойжуулж аймгийн хэмжээнд нутгийн хонины сайжруулагчаар ашиглах ажлыг зохион байгуулах шаардлагатай байна.

 “Малын түүхий эдийн зах” төслийг хэрэгжүүлэх цогцолбор ажлын хүрээнд “Ногоон алт” төслийн дэмжлэгтэйгээр 600 метр урттай хашаа барьж, нэг га-гын мал худалдааны захын таславч барих ажил хэрэгжих шатандаа явж байна. Мөн 6/0.4 кВ-ын 250 кВА чадал бүхий АТП, 6 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг “Ногоон алт” төслийн Нэвтрүүлэх үйлчилгээний бүрэлдэхүүн хэсгийн санхүүгийн дэмжлэгтэйгээр ашиглалтанд орууллаа.  “Мал түүхий эдийн зах” төслийн хувьд 2016 оны 5 сараас мал худалдааны ажлыг эхлүүлснээр малчид, малчдын хоршоод үзлэг шинжилгээнд хамрагдсан, гарал үүсэл нь тодорхой эрүүл малаа зах зээлд нийлүүлж, хэрэглэгчид, иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангасан мах, малын гаралтай бүтээгдэхүүнээс сонголт хийх боломж  бүрдэнэ.

-Бэлчээрийн менежментийг боловсронгуй болгох талаар хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

-Бэлчээрийн менежментийг боловсронгуй болгоход оролцогч талууд болох сумын Засаг дарга, Тамгын газар, Иргэдийн Төлөөлөгчийн Хурал, газрын даамал, Мал эмнэлэг үржлийн тасаг, Сумын бэлчээр ашиглагчдын холбоо, бэлчээртэй холбоотой үйл ажиллагаа явуулдаг агентлагуудын хамтын ажиллагааг сайжруулах замаар бэлчээрийн менежментийн аймаг, сумын баг бүрдүүлж, бэлчээрийн нөөцөд суурилсан “Тогтвортой мал аж ахуй”-н стратеги тодорхойлох шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

Давст сумын Засаг дарга 29,9 мянган га бэлчээрийг “Мөнгөт цахир” Бэлчээр ашиглагчдын хэсгийн малчидтай, Өндөрхангай сумын Засаг дарга 5092 га бэлчээрийг 2 бүлэг, 1 нөхөрлөлийн малчидтай, Тариалан сумын Засаг дарга 2200 га бэлчээрийг “Тулгат” Бэлчээр ашиглагчдын хэсгийн малчидтай “Өвөлжөө, хаваржааны бэлчээр”-ийг  8-15 жилийн хугацаатай ашиглалтын гэрээ хийгээд байна. Бид цаашид бэлчээр ашиглалтын менежментийг боловсронгуй болгох шаардлагатай байна.

Увс аймаг Б.Батхүү   

Холбоотой мэдээ