Африкийн Килиманжаро галт уулын гэрэл зургийг сансраас авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ayanzaya@montsame.gov.mn
2018-01-29 14:31:05
АСТАНА. /КАЗИНФОРМ/.  Оросын сансрын нисэгч Антон Шкаплеров Олон улсын сансрын станц дээрээс өөрийн авсан Килиманжаро галт уулын зургийг нийтэлжээ.
 
Сансраас авсан гайхалтай зургуудыг “Роскосмос” корпораци нийгмийн сүлжээн дэх хуудсандаа тавьдаг билээ. Дэлхий дээрх хамгийн том галт уулуудын нэг, Африк тивийн хамгийн өндөр уул /5895 м/ болох Килиманжаро уулын нэрийг суахили хэлнээс орчуулбаас “гялтганасан уул” гэсэн утгатай аж. Хэдийгээр энэ галт уул унтарсан боловч хэзээ ч дахин идэвхжиж магадгүй гэнэ.
 
97x64 км талбайг эзлэн орших Килиманжаро уул сүүлийн үед судлаачдын анхаарлыг ихэд татаж байна. Сүүлчийн Мөстлөгийн үеэс хойш 11 мянган жилийн хугацаанд уулын оройн цасан бүрхүүл эрчимтэй хайлж байгаа гэнэ. Сүүлийн 100 жилийн хугацаанд цас мөсний хэмжээ 80 хувиар багассан ба 2002 онд зарим эрдэмтэд таамаглахдаа “15 жилийн дараа бүрэн хайлж дуусна” гэж байсан юм.
 
2005 оны 3 дугаар сард уулын орой огт мөсгүй болсон тухай мэдээлж байв. Энэ нь агаарын хэмийн өөрчлөлтөөс бус харин орж буй цасны хэмжээ багассантай холбоотой аж.
 
Э.Аянзаяа
 
Холбоотой мэдээ