Манай жүдочид Чиндаогаас 1 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-11-20 21:35:25

БНХАУ-ын Чиндао хотноо болж буй “Чиндао 2015” олимпийн эрхийн оноо олгох Гран при тэмцээн өнөөдөр эхэлж Монголын жүдочид нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр III байрт бичигдээд байна.

Энэ удаагийн тэмцээнд 59 орны 375 /эрэгтэй 236, эмэгтэй 139/ жүдоч өрсөлдөж байгаагаас манай улсаас 19 тамирчин ур чадвараа сорих юм. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 60, 66 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг жингийн барилдаан болж, аваргуудаа тодруулсан. Манай жүдочдоос дэлхийн аварга М.Уранцэцэг, ОУХМ Д.Төмөрхүлэг нарын 7 жүдоч татамид гарч хүчээ сорьсноос эмэгтэйчүүдийн 57 кг-д барилдсан ОУХМ Д.Сумъяа "А" хэсгийг тэргүүлэн барилдаж, Туркменистан, Японы бөхчүүдийг ялж, хэсгийн аварга болж улмаар хагас шигшээд Австрийн Сабрина Фильцмозер, аваргын төлөө дэлхийн аваргын хүрэл медальт Германы Ропер Миряам нарыг цэвэр ялж алтан медалийн эзэн болов.

Харин 66 кг-д ОУХМ Д.Төмөрхүлэг, эмэгтэйчүүдийн 48 кг-д гавьяат тамирчин М.Уранцэцэг тус тус мөнгөн медаль хүртсэн бол 52 кг-д А.Цолмон /эмэгтэй/ хүрэл медальтан боллоо.Тэмцээний эхний өдөр Япон улс 2 алт, 2 хүрэл, Азербайжан 2 алт, Монгол 1 алт, 2 мөнгө, 1 хүрэл медальтай эхний гуравт орлоо.

Д.Өлзий

Холбоотой мэдээ