Амьтан дээр туршилт явуулсан "Фольксваген" компанийн дэд захирлыг халжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-01-31 11:15:33
БРЮССЕЛЬ. /КАЗИНФОРМ/. Автомашинаас ялгарч буй утаа амьтдад хэрхэн нөлөөлж буйг судлах зорилгоор хийсэн туршилтыг санхүүжүүлсэн тухай дуулианд холбогдсон Германы "Фольксваген" концернийн Гадаад харилцаа эрхэлсэн захирал Томас Штегийг ажлаас нь халжээ.

Тээврийн салбарт хүрээлэн буй орчин, хүний эрүүл мэндийг хамгаалах Европын судалгааны багийн /EUGT/ захиалгаар амьтад дээр уг туршилтыг хийсэн байна.

“2017 онд татан буугдсан EUGT-ийн үйл ажиллагааг бид шалгаж байгаа. Бүх хариуцлагыг дангаараа хүлээнэ гэж ноён Штег мэдэгдсэн. Түүний гаргасан шийдвэрийг би хүндэтгэж байна” гэж "Фольксваген" компанийн ерөнхий захирал Маттиас Мюллер хэлснийг тус компанийн мэдээлэлд дурджээ.

10 сармагчин дээр туршилт хийсэн тухай мэдээлэл өмнө нь хэвлэлүүдэд гарч байсан юм. Тэднийг битүүмжилсэн тасалгаанд хийгээд Фольксвагений автомашины дизель хөдөлгүүрээс ялгарч буй утаагаар утсан байна. Туршилтын зорилго нь шинэ загварын хөдөлгүүр нь өмнөх үеийн хөдөлгүүрүүдтэй харьцуулахад хорт утаа бага хэмжээгээр ялгаруулдаг гэдгийг батлах явдал байжээ.
 
 Э. Аянзаяа 
 



 
Холбоотой мэдээ