БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дэд дарга Янь Зюньчи хүрэлцэн ирлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-11-23 09:53:53

УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга М.Энхболдын урилгаар БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дэд дарга хатагтай Янь Зюньчи тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр Монгол-Хятадын парламент хоорондын байнгын уулзалтын механизмын хамтарсан хуралд оролцохоор манай улсад хүрэлцэн ирлээ.

БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал /БХАТИХ/-ын Байнгын хорооны дэд дарга Янь Зюньчиг БХАТИХ-ын Байнгын хорооны гишүүн, Гадаад хэргийн хорооны дэд дарга, БХАТИХ-ын Хятад-Монголын Найрамдлын бүлгийн дарга, Хятад-Монголын парламент хоорондын хамтын ажиллагааны байнгын уулзалтын механизмын Хятадын талын Байнгын хорооны дэд дарга Цао Вэйжоу, БХАТИХ-ын Байнгын хорооны гишүүн, Үндэстний хорооны дэд дарга, БХАТИХ-ын Хятад-Монголын Найрамдлын бүлгийн дэд дарга Юнь Фөн зэрэг хорь орчим хүмүүс дагалдан яваа аж.  

Төлөөлөгчдийг УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга, УИХ дахь Монгол-Хятадын парламентын бүлгийн гишүүн С.Одонтуяа, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Хятадын парламентын бүлгийн гишүүн Д.Тэрбишдагва, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Син Хаймин болон бусад албаны хүмүүс “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд угтан авав.

БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дэд дарга Янь Зюньчи өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод бараалхах юм. Үүний дараа тэрээр УИХ-ын дэд дарга, УИХ дахь Монгол-Хятадын парламентын бүлгийн дарга М.Энхболдтой уулзана.

Б.Туул

Холбоотой мэдээ