Хятадын хойд нутагт цахилгаан автомашины үйлдвэр барина

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2018-02-12 13:01:19
ШАНХАЙ./ТАСС/. Хятадын автомашин үйлдвэрлэгч Geely Holding Group компани цэвэр цахилгаан эрчим хүчээр ажилладаг автомашин үйлдвэрлэх цогц баазыг 5 тэрбум ам.доллароор хойд нутгийн Жөзян хотод байгуулахаар төлөвлөж байгаа ажээ. Энэ тухай ням гарагт “Синьхуа” агентлаг мэдээллээ.
 
Бааз байгуулах тухай хэлэлцээрт Чансин тойргийн захиргаа болон Geely Holding Group-ийн удирдлага гарын үсэг зуржээ. Хэлэлцээрийн дагуу автомашины үйлдвэр болон сэлбэг үйлдвэрлэх аж үйлдвэрийн парк барих аж.
 
2017 онд Хятад улсад эрчим хүчний экологийн цэвэр эх үүсвэрээр ажилладаг 794 мянган ширхэг автомашин үйлдвэрлэснээс 777 мянгыг борлуулжээ. Энэ хоёр үзүүлэлтээр тус улс сүүлийн гурван жилийн хугацаанд дэлхийд тэргүүлж байна. Хятад улсад цахилгаан автомашин үйлдвэрлэгчдэд татварын хөнгөлөлт болон татаас олгоход чиглэсэн дэмжих хөтөлбөр хэрэгждэг бөгөөд үүний үр дүнд автомашины үнэ буурчээ. Тус улсын засгийн газраас 2020 он гэхэд эрчим хүчний экологийн цэвэр эх үүсвэрээр ажилладаг автомашины үйлдвэрлэл, борлуулалтыг 2 сая ширхэгт хүргэх зорилт тавьсан байна.
 
Дашрамд дурдахад, Шанхай хотод 2017 оны эцсээр эрчим хүчний экологийн цэвэр эх үүсвэрээр ажилладаг 165 мянга орчим автомашин бүртгэгдсэн нь улсдаа тэргүүлэх үзүүлэлт аж.
 
Э.Аянзаяа  
Холбоотой мэдээ